Баянгол дүүрэг БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Үйл явдал
/
2022-07-30

Баянгол дүүрэг БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 онд байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүргийн захирагч Чон Вон У (Mr.Chong Won O) тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Баянгол дүүрэгт айлчилж байна. Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд “Сондун төгөл” байгуулах санамж бичгийн хугацааг сунгах арга хэмжээ өнөөдөр /2022.07.27/ боллоо.

700

Тус арга хэмжээнд Сондун дүүргийн захирагч Чон Вон У (Mr.Chong Won O) тэргүүтэй холбогдох албаныхан мөн БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар оролцлоо.  

Санамж бичиг байгуулах арга хэмжээний эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Сондун дүүргийн захирагчЧон Вон У (Mr.Chong Won O) болон албаны хүмүүс мөн сайн дурын багийнхан Монгол Улсад, Баянгол дүүрэгт зочилж буй талархал илэрхийлээд “Хоёр дүүргийн хамтын ажиллагаа 2018 оноос эхэлж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ удаагийн уулзалтаараа бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-нд “Сондун төгөл” байгуулна. Энэхүү төглийг байгуулах “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” нь 50 га газартай бөгөөд 250 мянган мод тарихаар төлөвлөсөн. Мөн ногоон байгууламжаас гадна хүүхэд залуус гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг зөв боловсон өнгөрөөх боломжтой спорт цогцолбор, амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн болгохоор зураг төслийг боловсруулсан. Ингэснээр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д ганц Баянгол дүүргийн иргэд биш нийслэлийн томоохон дүүрэг болох Сонгинохайрхан, Хан-Уул зэрэг зэргэлдээ дүүрэгт амьдардаг иргэд очих, амралт чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэнэ.

Түүнчлэн манай улс уур амьсгалын өөрчлөлтөд их өртөж байгаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” тарих уриалгыг НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн. Энэ уриалгад манай улсын бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд, иргэд нэгдэж мод тарьж байна. Мөн төрөөс мод тарьдаг аж ахуй нэгжүүдээ маш сайн дэмжиж байгаа. Манай улсад мод тарих ажилд БНСУ-ын ард түмэн 20-30 жилийн  өмнөөс идэвхтэй нэгдэж мод тарьж ирсэн. Тухайлбал, БНСУ-ын KOICA -гаас хэрэгжүүлж байгаа “Ногоон хэрэм” төсөл Төв аймгийн Эрдэнэсант, Лүн сум, Архангай аймгийн Өгий нуурт амжилттай хэрэгжиж байна. “Сондун төгөл”-ийг манай Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүс арчилж, ургуулж байнгын эзэнтэй байлгах учраас сайхан төгөл болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Дараа нь Сондун дүүргийн захирагч Чон Вон У (Mr.Chong Won O) хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх санамж бичиг байгуулж байгаад баяртай байна гээд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарина гэж хэлсэн. Энэ ажлын хүрээнд манай дүүрэгт “Улаанбаатарын төгөл” бий болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь манай дүүрэгт “Сөүл төгөл” байрладаг. Энэ төгөлд Сөүл хотын иргэд ирэх их дуртай. Одоо бидний байгуулж буй Сондун төгөл маань ч гэсэн 20 жилийн дараа гэхэд маш сайхан болж иргэд очих дуртай газар болно гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд танай дүүрэгт байгуулж байгаа “Сондун төгөл” манай хоёр улсын бэлгэдэл болж бидний харилцаа илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Баянгол дүүрэг болон БНСУ-ын Сөүл хотын Сондун дүүрэгтэй хамтран “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-нд байгуулж буй “Сондун төгөл” нь 15,000м2 газрыг хамрах бөгөөд нийт 700 ширхэг модыг 2023 он хүртэл тарих юм. Түүнчлэн Сондун дүүргийнхэн тус төгөлийг байгуулахад шаардлагатай тарих модоор хангах, дүүргийнхээ иргэд болон хүүхэд залуусыг энэхүү үйл ажиллагаанд төрөл бүрийн хэлбэрээр оролцох боломжоор хангах бол Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийнхэн мод болон хөрсний арчилгаанд арчлан хамгаалах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.