“Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярт зориулсан Цэргийн ёслолын жагсаал боллоо
Үйл явдал
/
2022-03-18

“Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо. Цэрэг дайчдын цог золбоог харуулдаг Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр аймгийн төв талбайд болов. Энэ нь улс орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, Зэвсэгт хүчний сүр сүлд, цог хийморийг харуулсан чухал арга хэмжээ юм.
Ёслолын жагсаалд Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн байгууллагууд жагсаж, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ард иргэдийн төлөөлөл оролцов.
Үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн “Алтан гадас” одонт ХДТеатрт баярын хурал болж, салбартаа амжилт гаргасан зарим албан хаагчдыг шагнаж урамшуулж, ойн баярт зориулсан хүндэтгэлийн концерт тоглов.
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.106.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.