Монгол Улсын Их Хурлын Дарга Гомбожавын Занданшатар-ын мэндчилгээ
Үйл явдал
/
2022-08-02
Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын нээлт өв соёл, түүхийн улбааг харуулсан утга төгөлдөр сайхан боллоо.
Та бүхэндээ гурван бүсийн гайхам дэлгэр нутаг, гучин буман монголчуудын нэгэн хэсэг болсон Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, хүсэл мөрөөдөл бүхэн тань төгс төгөлдөр биелэн бүтэхийн ерөөл өргөе.
​Говийн Алтайн нурууны ноён оргил, онгон дагшин Их Богд хайрхан, Хонгор нутгийн минь тахилга шүтээн оршсон Баянхонгор хайрхан уул, утга яруу уран найрагт мөнхөрсөн Сэгс цагаан богд уул, уул даваа, ургамал жимсний эх орон Мандал, Галуут, Өвгөнжаргалантын хангай, эрт балрын их түүхийг хэвлийдээ хадгалсан Номин, Зээрэнгийн говь хөндий, толин мандал нь мяралзан давалгаалсан Бөөнцагаан, Орог, Хөх нуур, анагаан эмчлэх увдисаараа алдаршсан Шаргалжуут, Үхэг, Халиутын рашаан, элсэн говийн амин булаг Эхийн гол, Шар хулстай, Бурхантын баянбүрдүүд, уран долгиондоо лимбийн эгшиг дуурсгасан Заг, Байдраг, Түй, Өлзийт голууд гээд нэг зуун арван зургаан мянган ам дөрвөлжин километр гайхам сайхан нутагт аж төрөн суугаа, энэ нутгаар овоглосон хүн бүхэн өнөөдөр төрөлх аймгийнхаа түүхэн ойгоор гоёж байна.
Төрөлх нутгийнхаа түгээмэл их баярыг айл хотол, ахан дүүс, аймаг, сум даяараа баяр цэнгэл дүүрэн, өргөн дэлгэр тэмдэглэж, сайхан наадаарай?
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.131.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.