Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржан "БЕСБОГДА" номын нээлтийн арга хэмжээнд оролцов
Үйл явдал
/
2022-08-05

  Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын санд цуурч А.Енбекийн “Бесбогда” /Таван богд/ номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдав.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан,  хүндэт зочноор уригдан оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “ЮНЕСКО 2009 онд яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад монгол цуур хөгжмийг бүртгэсэн байдаг. Энэхүү цуур хөгжмийн гайхамшгийг олон түмэнд түгээж байгаа цуурчдын нэг А.Енбек гуай билээ. Цуур хөгжмийн уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, сурталчлах нь бидний үүрэг. Иймээс бид энэ жил зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадамд манай аймгаас цуурчдын төлөөллийг ороолцуулахаар болсон байгаа.” гэв.

А.Енбекийн “Бесбогда” номыг Казахстан Улсын Урлагийн академийн профессор, урлаг судлаач Хайыргазы Төлен, Айбол Худайбергенов нар эмхэтгэн гаргажээ. Номонд уран бүтээлчийн тоглосон 13 хөгжмийн аяны түүх, нотыг аудио бичлэгийн хамт оруулсан бөгөөд 5 нь ардын ая, 8 нь А.Енбекийн зохиосон бүтээлүүд аж. Номын нэрийг  цуурчийн Алтай Таван богд ууланд зориулан бичсэн “Бесбогда” хэмээх аяын нэрээр нэрлэсэн байна.

 А.Енбек нь 1962 онд аймгийн Улаанхус сумд төрсөн бөгөөд одоо гэр бүлийнхээ хамт Өлгий хотод амьдардаг. Үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгосон цуурч А.Енбек нь анх 18 насандаа цуур тоглож сурчээ. Тэдний удамд цуур татдаг хүмүүс олон байсан ба ах С.Камалхан болон А.Арыстан ч цуур татдаг байжээ.

 2009 онд цуур хөгжмийн уламжлалт урлагийг ЮНЕСКО-д дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгүүлэх үйл ажиллагаанд цуурч маань “Эх булаг”, “Ертисийн давлагаа” аяыг тоглон оролцсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.151.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.