Ө.Сумъяабаатар: 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана
Үйл явдал
/
2022-08-13

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхнасан нар гэр хорооллын найман хорооны Засаг дарга, зохион байгуулагч болон олон нийтийн байцаагч нартай өнөөдөр уулзаж, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороодод хийгдэж байгаа ажлын явц, тулгамдаж байгаа асуудал болон ойрын үед хийх боломжтой ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллах талаар холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг өглөө.

Хороодын Засаг дарга нарын өгсөн мэдээллээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь боловсон хүчний асуудал болон хороодын байр.

Тодруулбал, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг хороодын байрны зарим нь хуучирсан учраас засвар үйлчилгээ яаралтай хийх шаардлагатай болсноос гадна авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд 3,5 км авто зам тавьсан, “Жишиг гудамж” төсөл хэрэгжсэнд иргэд талархалтай хандаж байгаа ч зарим байршилд явган зам шинээр тавих, гэрэлтүүлэг нэмэх шаардлагатай байна гэсэн юм.

Хороодын Засаг дарга болон Олон нийтийн байцаагч нарын өгсөн мэдээллээр гэр хорооллын иргэдэд дараах нийтлэг асуудлууд тулгардаг байна. Үүнд:

  • Үүсмэл хогийн цэгийг устгах болон хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах
  • Гэрэлтүүлэг, камер шинээр суурилуулах
  • Гэр хорооллын дундах явган хүний зам тавих
  • Авто зам шинээр тавих
  • Сайжруулсан түлш борлуулах цэгийг нэмэгдүүлэх
  • Худгийг 24 цагийн үйл ажиллагаатай болгох
  • Гэр хорооллын дундах эвдэрсэн замыг хусах
  • Золбин нохой муурыг устгах

 

Түүнчлэн удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор хүүхдүүдийг аливаа аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох хэлтсийн дарга нар болон Хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо. Үүнд

  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гэр хорооллын дундах, тэр дундаа сургууль, цэцэрлэг орчмын шороон замыг хусаж тэгшлэх
  • Харанхуй гудамжинд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
  • Золбин нохой муур устгах ажлыг зохион байгуулах
  • Хог ачилтаа сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн дүүргийн хойд талын гэр хорооллын зургаан хорооны ойрын дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг нэгдсэн байдлаар гаргах. Ингэхдээ гэр хороолын цэцэрлэг, сургуульгүй хороод одооноос судалгаагаа гаргаж өгөх. Хороод шинээр баригдаж байгаа хотхон хорооллуудын судалгааг гаргах, гэр хорооллын дунд хаана зам тавих, тоглоомын талбай хаана байгуулах зэргээр бодлогын нэгдсэн нэг төлөвлөгөө, баримт бичигтэй болохыг дүүргийн Засаг дарга холбогдох хэлтсийн дарга болон хороодын Засаг дарга нарт үүрэг өглөө.

 Энэ үеэр дүүргийн Засаг дарга 2023 онд дүүргийнхээ гэр хорооллын бүсэд илүү анхаарч ажиллана гэсэн юм. Мөн ирэх жил дүүргийн хэмжээнд тэр дундаа гэр хорооллын бүсэд хийгдэх хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлын талаар дахин уулзалт зохион байгуулахаар боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.