Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын шийдвэрүүд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалж байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-08-17
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 30 жилийн ойд зориулав.
 
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхол гэж юу вэ? Түүнийг ямар хүч, арга хэрэгслээр хамгаалдаг вэ? Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаатай хангагдсан уу? Орчин үеийн аюулгүй байдлын онол, үзэл баримтлалын түвшинд бид энэ бодлогоо хэрэгжүүлж чадаж байна уу? Эдгээр асуултын хариултыг нь монголчууд бид мэддэг байх ёстой. Тэр тусмаа өнөөгийн цаг үед... Бидний өвөг дээдэс төрт улсаа байгуулсан 2200 жилийн өмнөх цаг үеэс үндэсний язгуур ашиг сонирхлоо тодорхойлж, аюулгүй байдлаа хамгаалж иржээ. Энэ бол тэр үеэс өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй үндэстний оршин тогтнохуйн төлөөх хэзээ ч дуусахгүй, мөнхийн тэмцэл бөгөөд улс төрийн намын гишүүнчлэл, үзэл бодлын ялгаа үл харгалзах монгол үндэстний үнэт зүйл билээ.
 
20 дугаар зуун бол монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцлийн зуун байлаа. Жишээлбэл, Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 он, тусгаар тогтнолоо хамгаалсан ардын хувьсгалын 1921 он, нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын холбоотон болсон 1941 он, Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон 1945 он, ард нийтийн санал асуулга явуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсан 1945 он, НҮБ-д элссэн 1961 он, улс төр, нийгэм, эдийн засгийн коммунист тогтолцоог өөрчилсөн 1990 он гэх мэт... Бидний өвөг дээдэс ихэд итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд үлдээжээ. Тэгвэл бид ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оноос хойшхи цаг хугацаанд үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ямар бодитой алхам хийж чадсан бэ? 1990 оноос өмнө буюу хүйтэн дайны үед БНМАУ нь аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалахдаа дэлхийн социалист системийн бүрэлдэхүүнд байж, өөрийн цэрэг, улс төрийн холбоотон болох ЗХУ-д түшиглэж байв. Эдийн засгийн хувьд социалист системийн орнуудын хамтарсан Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (СЭВ) тусламж дэмжлэгийг авч, Варшавын гэрээний байгууллагын цэргийн холбооны хамгаалалтад оршиж байлаа.
 
1991 онд ЗХУ задарснаар энэ тогтолцоо байхгүй болж, монголчууд бидний өмнө аюулгүй байдал, ашиг сонирхлоо өөрсдийн хүчээр бие даан хамгаалах шаардлага тулгарлаа. Тухайн үеийн төрийн удирдагчид яаралтай ажилллаж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан даруйдаа Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа баталжээ. 1994 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь гадаад, дотоод аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийг 9 чиглэлээр үндэслэлтэй тогтоон, тэдгээр нөлөөлж болзошгүй сөрөг хүчин зүйлүүдийг нарийвчлан гаргаж тэдгээрээс сэргийлэх, хамгаалах арга замуудыг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ. Улмаар 14 жилийн дараа Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин болон улсын дотоод нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт гарсан тул УИХ-аар 1994 онд баталсан уг үзэл баримтлал хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийх, түүнийг цаашид тодотгон баяжуулах шаардлага үүсч, өргөн цар хүрээтэй асуудлыг хамарсан шинэчилсэн үзэл баримтлалыг УИХ 2011 онд баталсныг одоо мөрдөж байна. Гэвч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг, түүнийг хэрэгжүүлэх арга зам, баталгаа нь тунхаглалын шинж чанартай, хангах тогтолцоо нь өнөөдрийг хүртэл бүрэн төгөлдөржөөгүй байна. УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зарчимд нийцэж байгаа эсэхэд тавьдаг хяналтгүй явж иржээ. Шүүмжлэхэд 2011 онд баталсан ҮАБҮБ нь бодлогын болон стратеги, үйл ажиллагааны шинжтэй заалтууд нь холилдсон.
 
Үндэсний аюулгүй байдал нь угтаа практик ажиллагаа түүний үр дүнгээр илэрдэг. Монгол Улс шиг хязгаарлагдмал хүч, нөөцтэй улсын хувьд хамгаалах арга нь “улс төр дипломат”-ын арга хэрэгсэл юм. Газар зүйн онцлог бөгөөд ашигтай байршилтай, хөршүүдээсээ хэт хамааралтай Монгол Улсын хувьд ухаалаг, бодитой, зоримог, цаг үеэ олсон улс төрийн шийдлээр үндэсний аюулгүй байдлыг хангах гадаад, дотоод таатай орчныг бүрдүүлж байх ёстой. Үндэстний хувьд оршин тогтнох, өөрийн язгуур ашиг сонирхлоо хамгаалах нь төрийн үүрэг. Төрийн эрх мэдлүүд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэх хэлбэрээр хуваагдмал байж бие биеэ хянаж байдаг гэх эрх зүйт төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдал гэх эрх ашиг дээр нэгдмэл байдаг. Тиймээс эдгээр эрх мэдлийн тэргүүн нараас бүрдсэн ҮАБЗ хэмээх байгууллага ажиллаж хамтран санал нэгтэй шийдвэр гаргадаг учиртай. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг нь л татгалзахад шийдвэр гарах боломжгүй хуультай.
 
2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас бүрдсэн ҮАБЗ олон зүйл дээр санал нэгдмэл байж таарав. “ҮАБЗ-ийн гишүүд анх удаа ийм эвтэй байна, хэзээ ч ийм эвтэй байгаагүй, үүний цаана өөр учир байна, гадаадынхан байгаа байх” хэмээн Монгол Улсын баатар Э.Бат Үүл удаа дараа телевизийн ярилцлагадаа гайхширан мэдэгдэж байв. Тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүд бол Монгол Улсын язгуур ашиг сонирхол дээрээ үзэл бодол нэгдсэн юм. Тиймээс тэд хамтдаа өнгөрсөн 30 жилд гарч байгаагүй үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлоо хамгаалж чадсан чухал шийдвэрүүд гарсан билээ. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой ард нийтийн санал асуулга явуулахыг хориглов. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцэж байхаар нэмэлт оруулав.
 
ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, найрамдалт харилцаа хамтын ажиллагааны гэрээг хугацаагүй байгуулав. Хойд хөршийн итгэл сэргэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршийг дэлхий нийтээр гадуурхан буруутгаж байсан хамгийн хүнд үед нь ҮАБЗ-ийн шийдвэрээр айлчлал хийж, улс төр, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэв. Ингэснээр урд хөршийн харилцаанд түүхийн шинэ хуудас нээв. Монголын зүгээс БНХАУ-ын үндэсний ашиг сонирхолд аюул учруулахгүй, харин ч хүнд үед нь дэмжих юм байна гэдгийг урд хөрш ойлгосон. Монгол Улс байнга төвийн сахих талаарх бодлогыг эргэн харж залруулав. 2019 онд Гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэл тогтоож, АНУ болон Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нь үнэт зүйл хэмээн хамтарсан тунхаглалд заав. Ийнхүү Гуравдагч хөршийн бодлогыг баталгаажуулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэж чадлаа. Төмөр замын бүтээн байгуулалтыг хийх шийдвэрүүдийг чиглэл бүрээр нь гаргаж, бүтээн байгуулалтыг гацаанаас гаргаж, хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг эхлүүлж, төмөр замаа барив. Салхитын мөнгөний ордыг төрд эргүүлэн авч, ахмад настаны тэтгэврийн зээлийг тэглэв. Тэр үеийн ҮАБЗ Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан олон чухал шийдвэрүүдийг гаргаж чадсан. ҮАБЗ-ийн гишүүд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарын гурвалын гаргасан цаг нь болохоор ил болох олон шийдвэрүүд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан бэхэлж байна. ҮАБЗ-ийн энэ гурвал сүүлийн 30 жилийн геополитикийн алдааг засч, амжилтыг ахиулж чадсан. ҮАБЗ-ийн эдгээр гишүүдийн уг шийдвэрүүд нь тусгаар тогтнолын төлөөх дуусашгүй тэмцлийн үргэлжлэл, нэгээхэн хэсэг нь юм.
 
Х.Баттулга тэргүүтэй, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гишүүдтэй ҮАБЗ эх оронч, үндэсний бодлого явуулснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгжих боломжтой болж, түүний биелэлтэд жил бүр бодитой, үр өгөөжтэй хяналт тавих бодит бололцоо бүрдэж байв. Үүнийг зарим улс төрчид ҮАБЗ бүх зүйл оролцож байна гэж буруутгах гэж оролдсон. Уг нь ҮАБЗ, түүний Ажлын алба хуульд заасан үүргээ хэрэгжүүлж хийх ёстой ажлаа л хийж байгаа нь энэ билээ гэж 
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх бичжээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.116.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.