М.Баярмагнай: Төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь дуусахад анхаар
Үйл явдал
/
2022-08-18

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Цэнгэл болон холбогдох албаны хүмүүс салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэр, компаниудад ажиллаж байна.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2022.08.17/ ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангахад хүндрэлтэй байгаа асуудал, дулааны 5А магистраль шугамыг өргөтгөх төслийн явц, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх ажлын явц байдлын талаар сонсож, газар дээр нь биечлэн танилцсан юм.

700

Хил гаалиар бараа нэвтрүүлэлт хязгаарлалттай байгаа тул туслах тоноглолын зарим ажлууд удаашралтай байгаа талаар, станцын дунд даралтын станцын технологийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэвийн ажиллагаанд оруулахын тулд дулааны 5А магистраль шугам угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, турбогенератор №9-ийн конденсаторын трубаг солих шаардлагатай байгаа талаар компанийн удирдлагууд учирлалаа.

Хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлтийн асуудалд яамны холбогдох албан тушаалтнуудад анхаарч ажиллах, төрийн байгууллагуудтай уулзаж, шийдвэрлүүлж ажиллахаар болсон. Мөн дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Дулааны шугамын төслийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад хяналт тавьж ажиллах,
  • Нэн шаардлагатай ижил төстэй бараа, материалыг салбарын компаниудын нөөцөөс гаргуулж, эргэн өгөх нөхцөлийг судалж танилцуулах,
  • Сэлбэг, материалаас үүдэлтэй удаашрах болон хойшлуулах боломжтой ажлын жагсаалтыг гаргаж танилцуулах,  
  • Шийдвэр гаргах төвшинд танилцуулах ажлыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр хуралдуулж, батлуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Өнөөдөр /2022.08.17/-ийн байдлаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 64.2 хувьтай үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.