Газар хөдлөлтийн хор уршиг
Үйл явдал
/
2023-02-10

Газар хөдлөлт нь газрын давхарга чичирхийлэх хөдөлгөөн юм. Энэ нь дэлхий дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар хүчтэй хүчдэлд автах үзэгдэл юм. Газар хөдлөлт анх эхэлсэн газрын гүн дэх хэсгийг голомт буюу төв гэнэ. Газар хөдлөлтийн хүч янз бүр байдаг бөгөөд хүчийг нь тодорхойлохдоо хүрээлэн буй юмсын мэдрэг байдлаар нь баллын шаталбарт оруулж, баллаар үнэлдэг.

Газар хөдлөлтийн баллыг ажиглалтын цэг бүрт тодохойлж, ромбо тоогоор тэмдэглэдэг.

Балл, магнитудын ялгаа

Газар хөдлөлтийн хэлбэлзлийн хүчийг XII баллын шаталбараар ажиглалтын цэг бүрт тодорхойлдог бол магнитуд нь /М/ газар хөдлөлтийг бүртгэх багажинд тэмдэглэгдсэн газар хөдлөлтийн голомтын хүч бөгөөд тоон хэмжигдэхүүн юм. Балл нь тус бүс нутгийн хувьд зай болон геологийн нөхцөлөөс хамааран янз бүрийн утгатай байдаг бол магнитуд нь тухайн газар хөдлөлтийн хувьд зөвхөн нэг л утга агуулсан байдаг.

Одоогоор дэлхийд дөрвөн төрлийн баллын шаталбарыг хэрэглэж байгаа бөгөөд эдгээрээс Япон улсад бусдаас ялгаатай буюу 9 баллын шаталбарыг ашиглаж байна.

Дөрвөн төрлийн баллын шаталбар:

EMS-98 /European Macroseismic Scale/ – Европын Макросейсмик шаталбар

MSK-78 /Medvedev, Sponheuer and Karnik/ – Зүүн Европын улс орнуудад ашиглагдаж буй шаталбар

MM /Modified Mercali/ – Меркалийн шинэчлэгдсэн шаталбар

JMA /Japanese Meteorological Agency/  – Японы Цаг уурын албаны шаталбар

Манай орны хувьд газар хөдлөлт болсны дараа газар хөдлөлтийн тухай макро мэдээг цуглуулж, түүнийгээ нэгтгэн MSK-78 буюу XII баллын шаталбарт оруулж, тухайн газар хөдлөлтийн баллын үнэлгээг өгдөг.

I балл – Үл мэдэгдэм газар хөдлөлт. Хэлбэлзлийн хүч хүмүүсийн мэдрэх чадвараас доогуур, зөвхөн багажинд л мэдрэгдэнэ.

II балл – Арай ядан мэдрэх газар хөдлөлт. Ялангуяа дээд давхрын тасалгаанд зарим мэдрэмтгий хүмүүст, гэрийн амьтдад хэлбэлзэл мэдрэгдэнэ.

III балл – Тасалгаанд байгаа хүмүүсийн цөөн хэсэг, хээр гадаа явж байгаа хүмүүст мэдрэгдэнэ. Хөнгөн тэрэг өнгөрөхөд үүсэх доргилттой төсөөтэй хэлбэлзэл мэдрэгдэнэ. Ажигламтгай хүмүүст дүүжлээстэй юмс ганхах, дээд давхарт байгаа хүмүүст мэдрэгдэнэ.

IV балл – Тасалгаанд байгсдын олонхи, хээр гадаа яваа хүмүүсийн заримд нь мэдрэгдэх бөгөөд хүнд ачааны тэрэг өнгөрөхөд үүсэх хэлбэлзэл мэдрэгдэнэ. Цонх, хаалга, сав суулга тачигнана. Шал, хана чихарна. Тавилга чичирхийлнэ, дүүжлээстэй зүйлс сулхан савлана. Завдгай савтай шингэн зүйлс долгиолж, зогсож байгаа автомашинд түлхэлт мэдрэгддэг.

V балл – дунд зэргийн хүчтэй, унтагсдын олонхи нь сэрж, барилга бүхэлдээ доргиж, том хонх өөрөө цохино, зарим тогтвортой зйүлс хөмрөх буюу шилжинэ.

VI балл – Хүмүүст газар хөдлөлт мэдрэгдэнэ. Зарим нэг нь тэнцвэр алдана, гэрийн амьтад хашаа, саравч, хорооноос гарна, шилэн болон шаазан сав суулга хагарч, хүнд жинтэй тавилга байрнаасаа хөдөлдөг. Булаг шандын ундарга, худгйин усны түвшин өөрчлөгдөж болно.

VII балл – Барилга,  байшинд ан цав гарна. Ихэнх хүмүүс айж гэр орноосоо гүйж гардаг. Хүн зогсоход хүндрэлтэй болж, тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнд хэлбэлзэл мэдрэгдэнэ. Ус дамжуулах хоолойны бэлчир уулзварууд эвдэрч, чулуун хашлагад ан цав гардаг. Зарим тохиолдолд эгц налуугаар өнгөрсөн автын замд гулгалт үүсэх, ан цав гарна.

VIII балл – Барилгын хүчтэй эвдрэл үүсгэнэ. Хүмүүс айж сандарч тээврийн хэрэгсэл жолоодогчид ч сандралд ордог. Модны мөчир хугаран унаж, хүнд жинтэй тавилга хөмрөн унах, байрнаас шилжих зэргээр хөдөлгөөнд ордог. Дүүжлээстэй гэрлийн зарим хэсэг эвдэрч сүйднэ.

IX балл – Бүх барилгад эвдрэл үүсч, бүх нийтээр сандран мэгдэнэ. Тавилга хэрэгсэл ихээхэн эвдэрч, адгуус амьтад гүйлдэнэ. Зарим үед төмөр замын төмөр тахийж туруйх, далан шороо эвдэрнэ. Нуур цөөрөм, тогтоол усны гадаргууд ихээхэн давалгаа үүснэ.

X балл – Аюултай, олон байшин барилга нурж эвдрэл үүснэ. Төмөр зам хялбархан туруй тахир болно. Газрын доорхи хоолойнууд эвдэрнэ, хөрсөнд 1 м хүртэл ан, цав үүсч, хүрхрээ үүсэх, шинээр нуур цөөрөм бий болдог. Голын эрэг, далай тэнгис орчмоор нуралт, гулгалт үүснэ.

XI балл – Маш аюултай, барилга байшин, гүүр, далан, хаалт, төмөр зам, авто замууд ноцтой эвдэрч, дахин ашиглагдах боломжгүй болно. Газрын доорхи хоолойнууд эвдэрч, өргөн ан гав, тасралт тохоос, мөргөцөг үүсч, уул нуруунд нуралт бий болно. Газар хөдлөлтийн газрын гадаргууд үйлчилсэн доргилтын эрчмийг тусгайлан судалгаа явуулж тодорхойлох шаардлага гарна. 

XII балл –Гадарга зүйн өөрчлөлт орно. Газрын доорхи, гадаргуу дээрх барилга байгууламж хүчтэй эвдэрч нурна. Хөрсөнд гүн ан, цав гарна. Тусгайлан судалгаа явуулж доргилтын эрчмийг тодорхойлох шаардлага гардаг байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.