БХЯ/: ЗАЛУУ ОФИЦЕРУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтаж “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон “Монгол цэрэг, эх оронч залуучууд”-ын гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай болон БХЯ, ХЗДХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицерууд, хэвлэл, мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
Энэхүү хурлын зорилго нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу алба хаагчдад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, албандаа итгэх итгэл үнэмшил, манлайллын асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлүүлэх арга замыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох, залуу алба хаагчдын нэгдмэл оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгосноороо онцлог байлаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын эрдэм шинжилгээний хурлыг нээж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үгэндээ Залуу офицеруудыг манлайлах, албандаа тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, ёс зүй, харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд оролцох үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэшсэн чадварлаг болгон, тогтвортой, тасралтгүй хөгжүүлж байх нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх гол ажил, үүрэг юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэс дээр гаргасан, эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхний гаргасан санал, зөвлөмжийг төр, засгийн удирдлага дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар холбогдох бүхий л талын арга хэмжээг авч ажиллах болно. Мөн хуралд оролцож байгаа залуу офицерууд Та бүхнийг, хэлэлцэж буй үндсэн асуудал дотроос нэн тулгамдсан, гол зангилаа асуудлуудаа хөндөн ярилцаж, өөрсдийн санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй байхыг хүсэж байна хэмээн онцлов. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээлтийг гардуулж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод амжилт хүсэв.
Уг хурлаар “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй офицеруудын боловсрол манлайллын асуудал”, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тэргүүн туршлага, хэрэгжүүлж буй арга зам”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын офицеруудын боловсролын байдалд хийсэн дүн шинжилгээ”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын ёс зүй, ёс суртахууны төлөвшлийн асуудал”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын нийгмийн баталгаа, түүнийг дээшлүүлэх арга зам”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын итгэл үнэмшил, хүний нөөцөд тулгамдаж буй асуудал”, “Цагдаа дотоодын цэргийн албан хаагчидад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” зэрэг үндсэн илтгэлүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, асуулт, хариулт өрнөж нэгдсэн дүгнэлтэд хүрэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.173.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 35 мин