Баянзүрхийн УДИРДЛАГУУД “өглөөний гудамж” байгуулах 500 саяыг ӨӨРСДӨӨ ХУВААГААД АВЧИХСАН УУ...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-12-06

Улаанбаатар хотын ажил хэрэгч, эртэч, урлагт дуртай, эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч хүмүүст зориулж “MGC Star GROUP” ХХК сайн дураараа өөрийн хөрөнгөөр “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ” гэгчийг Сүхбаатар дүүрэгт байгуулсан юм.

Үүнээс санаа авч бусад дүүргүүд ч “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ”-тай болох гэнэн мөрөөдөлд хөтлөгдөж АМ ГАРЧ байв. Тодруулбал, Хүн ам, ядуурал, ажилгүйдэл ихтэй хамгийн тааруу хөгжилтэй Баянзүрх дүүргийн удирдлагууд 2021 оны 09 сард ГУРВАН байршилд ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ байгуулна хэмээн хэвлэлээр мэдээлэл цацаж “тархи угаан” хоосон амлаж байв ч өнөөдөр “бардам ам, шалдан гуя” гэгчийн үлгэр болжээ.

Уг нь “Баянзүрх дүүргийн төсвийн 500 сая төгрөгөөр “бизнесийн гудамж”, “Залуучуудын гудамж”, “Ахмадын гудамж” байгуулна, 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна” хэмээн дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ярьж байжээ.

Гэвч энэ санаачилга нь 2021 онд биелээгүй. 2022 онд тендер зарласан ч мөн биелээгүй байна. Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ”Цагаанбургалтай” ХХК шалгарч захирал Г.Дэмбэрэлсүрэн нь 2022 оны 06 сарын 13-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Баттөгс, тус дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Уянга нартай “ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ ТӨСЛИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ГЭРЭЭ”- г байгуулсан байна. Нийт үнийн дүн нь 480 сая төгрөг болжээ.

Гэвч энэ ажил нам гацжээ. “Өглөөний гудамж” төсөл яагаад хэрэгжээгүй талаар гүйцэтгэгчээр шалгарсан “Цагаан Бургалтай” ХХК-ийн инженер Г.Болдсүрэнгээс тодруулахад “Гэрээ зурагдсан ч өнөөдрийг хүртэл ажил эхлээгүй. Санхүүжилт орж ирээгүй. Газар чөлөөлөлтөөс болж гацсан гэж захиалагч тал хэлсэн” гэв.

Гэрээ байгуулсан захиалагч талын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулахад “Он дамжиж хийгдэж байгаа ажил билүү, сайн мэдэхгүй байна” гэв.

Ажил нэгэнт бүтээгүй учир төсөв нь хаашаа юунд зарцуулагдсан нь тодорхой байх ёстой. 2022 онд 500 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн удирдлагын баг хамт олон иргэдэд хэрэгтэй яг ямар ажил үйлчилгээ, шинэ төсөл дахин хэрэгжүүлсэн бэ гэдэг л анхаарал татаж байна. 500 сая төгрөг ИХ МӨНГӨ. Арай үүнийг “БАРДАМ АМ” гарсан Баянзүрхийн дарга нар ХУВААГААД “ӨДРИЙН ЦАЙ” болгочихсон юм биш биз гэсэн хардлага төрж байна. Хаана юу хийв гэдэг нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.230.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.