ҮХРИЙН ЭЭМЭГНИЙ 2,5 тэрбумыг ХУВААГААД халаасалчихсан ГУРВАН ДАРГЫН ард Төрийн нарийн нь байсан уу...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 2 мин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мал аж ахуйн салбарт реформ хийхээр зориглон санаачилсан нэг зүйтэй санал нь бод малыг бүртгэлжүүлэх бодлого байв. "Малыг индэксжүүлэн бүртгэх асуудал манайхаас гадна дэлхийн мал эмнэлгийн гишүүн 140 улсад байдаг. Манайхаас бусад бүх орон малаа идэксжүүлсэн буюу ээмэгжүүлсэн байдаг. Тиймээс энэ ажлын бид хийх ёстой” хэмээн тэрбээр тодорхойлж яамныхаа бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ зарлан тунхаглаж ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛНЭ гэдгээ илэрхийлсэн.  Тухайн жил Монгол улс 69 сая толгой малтай байсны 5,5 сая нь үхэр. Монгол улсаас гадны зах зээлд гарах боломжтой мах нь ҮХРИЙН МАХ байсан тул тэд махнаас их ашиг олно гэж тооцоод ийм шийдвэр гаргачихсан хэрэг.

Нэг үхэрт ойролцоогоор 1800-2000 мянган төгрөг ногдоно гэж тооцоолсон. Үрхийг ээмэгжүүлснээр бид эрүүл, баталгаатай хүнс хэрэглэнэ гэж тодотгосон. Энэ мэдэгдэл 2023 оны эхээр буюу 1-2 дугаар сард УИХ-аар орж, нийгэмд мэдэгдсэн. Сайдын яриагаар бол 2023 оны хавартаа бэлтгэл ажилаа базааж, тендер зарлаад 2024 оны хавар улс даяар 5,5 сая толгой үхрээ ээмэгжүүлчихээр байсан ч харамсалтай нь ЗУД БОЛЖ дарга цэрэггүй, сайд гишүүдгүй өвс зөөж, сонгуулиа бодоод чухам завгүйгээр өнгөрүүлэв. 2023 оны 12 сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл үргэлжилсэн байгалийн гамшигт үйл явдлын үр дүнд 64,5 сая толгой малын 9,3 хувь буюу 6 сая орчим малаа зуданд алдсан.

Нэг үгээр хэлбэл ээмэгжүүлэх ёстой 5,5 сая үхэртэй дүйцэх хэмжээний мал зуднаар үхсэн гэсэн үг. Зуднаас арай гэж өндийсөн малчдыг Засгийн газраас “ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөн гэж баахан зөөж, нааш цааш нь гүйлгэж хурал хуй, сургалт зөвлөгөөнд хамруулав. Энэ мэтээр малчдыг монхруулж, хошгируулж байх зуур Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хоёр агентлаг болон яамны нэг газрын дарга гурав хоорондоо НУУЦ ГЭРЭЭ байгуулж татвар төлөгчдийн 2,5 тэрбум төгрөгийг хоорондоо эвтэйхэн хуйвалдаад ХУВААГААД АВЧИХСАН байж болзошгүй нэгэн барримт гарч ирлээ.

 

БАРИМТ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Санчирдорж, “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн захирал О.Сумъяасүрэн, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн захирал О.Нарандэлгэр нар 2022 оны 12 дугаар сарын 23-нд 22/237 дугаартай “ХАМТРАН АЖИЛЛАХ БОДЛОГЫН ГЭРЭЭ”-г байгуулжээ. Тус гэрээнд тусгаснаар “ҮХЭР СҮРГИЙГ ЯЛГАН ТЭМДГЭЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН ҮНДЭСНИЙ САН БИЙ БОЛГОХ, БҮРТГЭЛЭЭР ДАМЖУУЛАН МАЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮРТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЗАМААР МАХЫГ БРИЖЭЭР НЭГ ЦОНХООР АРИЛЖИХ, ЭКСПОРТЛОХ БОДЛОГЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА” гэж тусгажээ.

Ингээд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-с гэрээний нийт төлбөрт /2,500,000,000/ хоёр тэрбум таван зуун сая төгрөгийг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн Төрийн банкы 340601223603 тоот данс руу гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш хоёр хоногийн дотор багтаан шилжүүлсэн.

Гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногоос илүүгүй хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа хийж гүйцэтгэх бөгөөд ажлын тайлан гаргаж өгнө гэж тусгасан байна.

Гэвч энэ ажил өнөөдрийг хүртэл хэрэгжсэн, бодит биелэлээ олсон зүйл алга. Энэ гэрээний үнэ бүхий 2,5 тэрбум төгрөг хаашаа хэний халаас руу орж, яаж нэмэгдэж хасагдсан нь тодорхойгүй. Ямартай ч ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛЭХ үндэсний хэмжээний ажил эхлэх нь бүүхэл сураг нь тасраас удаж байна.

Дээрх гэрээг байгуулсан эрх бүхий этгээдүүд ч албан тушаалаа сонилцон алга болцгоосон.  Тухайлбал “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн захирал О.Сумъяасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч болсон. Мөн сан ч татан буугдаж “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨҮГ болж захирлаар нь Б.ЦОГТСАРАН ажиллаж байна.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн захирал О.НАРАНДЭЛГЭР ч ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан ирсэн. Харин яамны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Санчирдорж ч мөн ажлаа өгчээ. Ингээд уг ажлыг хэн хэн хариуцан, ямар үр дүнтэй хэрэгжсэн нь тодорхойгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.233.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.