Mining Week-2023: Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлж, орлого ашгаараа эдийн засгаа төрөлжүүлэх нэн чухал
П.Ишханд
Үйл явдал
/
2023-10-11
“Уул уурхайн 7 хоног” буюу “Mining Week” нэгдсэн арга хэмжээ лхагва гарагт үргэлжилж, газрын тос, нүүрсний салбарт гол анхаарлаа хандууллаа.
”Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг Шангри-Ла Улаанбаатарын Их танхимд өрнөв. Нүүрсний экспорт энэ онд 50 сая тонныг давах хүлээлттэй байгаа. Ирэх онд манай улс 60 сая тонн экспортлох зорилт дэвшүүлсэн.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрс ба эдийн засгийн аюулгүй байдал” илтгэлдээ ковидын дараах сэргэлтийг онцолсон юм. Нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл өсөлттэй хэвээр байна. Цаашид ч энэхүү өсөлт хадгалагдах нь. Дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 53 хувийг өмнөд хөрш дангаар эзэлж байна.
“Нүүрс экспортын орлогын /улсын төсөв/ гол бүрдүүлэгч, эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа. Нүүрсний тээвэр нь дэд бүтэц хөгжүүлэх хөшүүрэг. Нүүрсний хаягдал нь говийг ногооруулах боломж” хэмээн Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дүгнэсэн юм. Нүүрсний борлуулалтын орлого нэмэгдсэнээр дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх боломжтойг мөн тэрбээр хэллээ.
Нүүрсний уурхайнуудын төлсөн татварын 67 хувийг АМНАТ бүрдүүлж байна. Нүүрс экспортлогч компаниуд байгуулагдсан цагаасаа хойш нийт 45.2 их наяд гаруй төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Монгол Улс нүүрсний 173.5 тэрбум тонн геологийн таамаг, батлагдсан 33.3 тэрбум тонн нөөцтэй.
Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук арга хэмжээний онцлох зочин илтгэгч байлаа. Тэрбээр “Нүүрсний ирээдүй ба өөрчлөгдөж байгаа дэлхий” илтгэл хэлэлцүүлсэн юм.
Монголын нүүрсний салбарт боломж өндөр байгааг Мишель Манук тодотгоод, дэлхийн нүүрсний салбарт Монгол Улс өөрийн байр сууриа бэхжүүлэх, тэлэх боломж нээлттэй гэлээ.
Мөн нүүрсний үйлдвэрлэл, экспортыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжуудыг дурдаад, нүүрсний ач холбогдол буурахгүй, ойрын 10 жил байтугай тэрнээс ч цааш хугацаанд ирээдүйтэй, дэлхий нийт нүүрснээс хурдан хугацаанд татгалзах боломжгүй гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаа батлан харууллаа гэв. Нүүрс эрчим хүчний хомсдолоос сэргийлэхэд хамгийн чухал, найдвартай эх үүсвэр гэж нэмж хэлсэн юм.
Улс орнууд нүүрсийг хариуцлагатайгаар ашиглах бодлого баримталж эхэлж байна. Дэлхийн хэмжээнд металлургийн, гангийн үйлдвэрлэл өргөжих төлөвтэй байна, үүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр байх нь. Монгол Улс нүүрсний салбарт шинэ технологиудыг нэвтрүүлснээр өөрийн эрчим хүчний хэрэгцээг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулах бүрэн боломжтой. Тэрчлэн эдийн засгийн өсөлтөө хангахын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлснээр тэрхүү орж ирэх орлого ашгаар эдийн засгаа төрөлжүүлэх нэн чухал гэдгийг Мишель Манук тэмдэглэсэн юм. Хариуцлагатай нүүрсний хэрэглээ рүү шилжиж, нэмүү өртгийн сүлжээ бий болгох, салбарын хэмжээнд технологийг дэмжих, нэвтрүүлэх замаар нүүрснээс үүдэж байгаа бохирдлыг бууруулах боломжтойг хөндлөө. Үүнийг “ирээдүйн нүүрс” хэмээн Дэлхийн нүүрс ассоциаци тодорхойлжээ. Илтгэлийнхээ төгсгөлд Монгол Улсын нүүрсний салбар олон улсад өрсөлдөх чадвартай, Дэлхийн нүүрсний ассоциацийн “Ирээдүйн нүүрс” үзэл баримтлал, амбицыг дэмжин, энэхүү эвсэлд гишүүн улсаар элсэж, ажиллахыг урьсан юм.
Энэ өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилцааны явцыг Монголын хөрөнгийн биржээс танилцуулсан. Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна. Үүнийг хөрөнгө оруулагчид таатай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.
Дараагийн онцлох зочин “Түдэй тинк танк” судалгааны байгууллагын ерөнхий менежер Хоу Холли Хятад, Монгол хоёр орны нүүрсний худалдаа, хамтын ажиллагаанд гарч буй сорилт, цаашид үүсэх шинэ боломжуудын талаар судалгааны дүгнэлтээ танилцуулсан. Тэрбээр Монгол, Хятадын хил дамнасан төмөр замаа барьж, ашиглалтад оруулснаар өндөр чанартай нүүрсээ Хятадын зах зээлд илүү хямд зардлаар экспортлох боломжтойг илтгэлийнхээ үеэр онцоллоо.
Бага танхимд Газрын тосны эрэл хайгуул, ашиглалт болон газрын тосны бүтээгдэхүүн гэсэн хоёр сэдвийн дор оролцогч талууд илтгэл танилцуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлагыг хэлэлцэв.
Ийнхүү чуулган гурав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдлаа. Пүрэв болон Баасан гарагуудад судлаач, шинжээчдийн анхаарлыг татсаар ирсэн өнгөт болон үнэт метал, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжил, өндөр технологийн түүхий эд зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд явагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.171.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.