СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
Үйл явдал
/
2024-07-04

СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм. Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзлаа.

Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн. Хичээлийн гуравдугаар байр буюу өргөтгөлийг 640 суудалтай байхаар зураг төсөл боловсруулан, 2018 онд “Ганзосон” ХХК-тай гэрээлсэн бөгөөд 2022 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсжээ. Учир нь гүйцэтгэгч компани санхүүжилтээ нэмүүлэх хүсэлтээ салбар яаманд илэрхийлж, улмаар санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцалж, өөр гүйцэтгэгч компани сонгохоор тогтжээ. Үүнээс шалтгаалан тус сургуулийн барилгын ажил хоёр жил гацсан юм.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тус сургуулийн өргөтгөлийн барилгыг дуусгах санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, БГД-ийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах, Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.