Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт өнөөдөр /2025.02.07/ Төрийн ордны "Их танхимд" боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, "Отгонтэнгэр" их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл нар болон Монгол Улсын 21 аймаг, нийлслэлийн есөн дүүргийн нийт 128 багийн 500 орчим сурагч, багш оролцов.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэтгэлцээний тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Карл Попперын мэтгэлцээний тэмцээнийг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд явуулж байгаагаараа онцлогтой гэж байлаа.
Мөн тэрбээр, 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын аймаг хошууд ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч, Улсын анхдугаар Их Хурлаар чуулж, анхны Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах улсыг тунхагласан түүхтэй. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичвэр өнөөдөр Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагддаг. Анхдугаар Үндсэн хуулийн төрийн эрх зүйн ач холбогдол нь хаант ёсыг ард түмний засаглал болгон сольж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршдогийг онцлон тэмдэглэсэн.
Одоогоос 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс маань Үндсэн хуулиа хэлэлцэн батлахдаа хүүхдийн эрх, сурах эрхийн талаар хөндөн хэлэлцэж, бүх хүүхэд сурах эрхтэйг зарлан тунхагласан агуулгатай заалт оруулж байсан сонирхолтой баримтаас тэрбээр дурдаад 1924 оноос хойш Үндсэн хуулийнхаа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарыг тасралтгүй хөгжүүлж ирсэн түүхээс хуваалцлаа.
Үндсэн хуулийн мэдлэгийг түгээх нь тухайн улсын иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт Карл Попперын мэтгэлцээний үндсэн зорилго нь бүхэлдээ Үндсэн хуулиа мэдэж, ойлгодог, ардчилсан нийгэм парламентын засаглалаа уг үйлдлээрээ хамгаалж чаддаг идэвхтэй иргэдийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.
Дараа нь мэтгэлцээнд оролцогчдыг төлөөлж, нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн сурагч О.Билигт-Очир үг хэлсэн. Тэрбээр, мэтгэлцээн гэдэг сэтгэлгээний урлаг, мэтгэлцэгч гэдэг шинийг эрэлхийлж, гарц гаргалгаа хайгчийг хэлдэг тул ёс зүйтэй мэтгэлцэж, үнэн бодит мэдээлэл түгээхийн төлөө өрсөлдөхийг тэмцээнд оролцогчдодоо уриалав.
Мөн нээлтийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Монголын Үндсэн хууль, монголчуудын түүх, газар зүйн байрлал, онцлог энэ бүгд нээлттэй байхыг шаарддаг, ийм түүхтэй, өгөгдөлтэй хүмүүс гэдгийг дурдаад нээлттэй байх нь монголчуудын оршин тогтнох чухал зүйл гэдгийг онцолж байлаа. Эл үзэл санааг Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг түгээж буй тул тэмцээнд оролцогч хүүхдүүд та бүхэн эрх чөлөө, нээлттэй нийгмийн үнэ цэнийг тархиндаа тээж, олон хүнд түгээхийг хүсье гэв.
Хариун Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал 1997 онд болсон Карл Попперын мэтгэлцээний тэмцээний хамгийн анхны улсын аварга болж байсан түүхээсээ хуваалцаж, багш сурагчдад амжилт хүсээд Үндсэн хуулийг судлахад хүний нэгэн нас хүрэлцдэггүй тул насан туршдаа эл хуулиа судалж, суралцаж явахыг захилаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Хиймэл оюун ухаан бидний амьдрал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, хиймэл оюун ухааны түүхэн хөгжил, аж үйлдвэрийн хувьсгалууд, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндсөн. Тухайлбал, Хиймэл оюун ухаан хүний тархитай адилхан логикоор ашиглахаар бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны нейрон сүлжээ мэдээллийг боловсруулж, хариу үйлдэл үзүүлдэг, алдаанаасаа суралцан сайжирдаг гэсэн үг. Хүний тархи шиг ажилладаг учраас хиймэл оюун ухаан гэж нэрлэсэн хэмээн хүүхдүүдэд тайлбарлаж байлаа.
Түүнчлэн тэрбээр хиймэл оюун ухааны чиглэлээрх дэлхийн улс орнуудын Засгийн газрын барьж буй бодлого, хиймэл бэлэн байдлын үнэлгээний талаарх олон улсын судалгааны дүнгээс танилцуулаад 188 орныг хамруулсан үнэлгээгээр Монгол Улс 98 дугаарт байрт байгааг тэмдэглэв. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан буюу аж үйлдвэрийн хувьсгалд хэн илүү идэвхтэй оролцож чадна тэр нь хөгжлийн чадамжаараа илүү байхыг дурдаад Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд та бүхэн өнөөдрөөс эхлэн хиймэл оюун ухааныг идэвхтэй ашиглан, бүтээмж өндөртэй улс болон хөгжүүлэхийг захив.
Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Отгонтэнгэр их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Б.Одгэрэл нар мэтгэлцээний тэмцээнд оролцогч багш, сурагчдад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тухайлбал, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Карл Попперын мэтгэлцээнээр хичээллэснээр сайн, муу зөв, бурууг зөвөөр тунгааж ойлгуулах томоохон зорилготой гэдгийг онцлон тэмдэглээд мэтгэлцээнд амжилттай оролцох нь ярихдаа бус уншихдаа байдгийг хүүхдүүдэд анхааруулж байлаа.
“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт мэтгэлцэгчид болон шүүгчдийн тангараг өргөх, мэтгэлцээний клубуудэд гэрчилгээ олгох ёслолоор үргэлжилсэн.
Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд нийт 128 баг “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
4 цаг 33 мин
-
22 цаг 26 мин
-
22 цаг 57 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 25 мин
-
Өчигдөр 16 цаг 20 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 20 мин
-
Өчигдөр 16 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин