Ерөнхий сайд хотын даргыг ажилгүй болгох нь ...
Үйл явдал
/
2021-03-08

Нийслэл хотын дарга С.Батболдод шинэ жилийн сүлд мод нээх, шинэ жилийн баяр наадамд явахаас өөр ажил үлдэхгүй бололтой. Угаасаа наадамч наргианч хүн сайн л биз ... Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өмнөөс нь хамаг ажлыг нь шүүрч хийгээд хийх ажил үлдээхгүй байна. Саяхан гүйцэтгэх засаглалын тэргүүн баахан машин дагуулан явж хотын 100 гару уурын зуухыг өөрийн биеэр очиж хаалгалаа. Ингэснээр хотын утаа 10 хувиар буурч 40 мянган портер нүүрс түлэхгүй болохыг ажлын албанаас нь мэдээллээ. Санаа дагаад ч байгаа тэр үү хотын утаа нэлээд шингэрсэн санагдана. Үүний өмнө сургуулиудаар явж гурван ээлжээр хичээллэдэг байсныг нь зогсоов. Орой тарсан хүүхдүүдийг айлгаж ичээдэг согтуучуудыг журамлах үүргийг өгч хэрэгжүүлэв. Ийнхүү Ерөнхий сайдтан хорооны Засаг дарга, дүүргийн Засаг дарга бүр хотын даргын хийх ёстой ажлыг хүртэл өмнөөс нь хийж өглөө. Хотын Боловсролын газрын шийдэж чадаагүй гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн хүндрэлийг газар дээр нь шийдэв.  Гэтэл дээрхи ажил нь улс эх орны хэмжээний бодлогийн асуудлыг шийдэх учиртай Ерөнхий сайдын хийх ажил огтоос биш юм. Хариуцсан дарга газар нь шийдээд явах учиртай байсан. Энэ  ойлгомжгүй байдлаас доорхи дүр зураг харагдаж байна. Хотын удирдлага ажлаа хийж чадахгүй байгаагаас гадна хамгийн эмгэнэлтэй нь Ерөнхий сайд өөрийн хийх ёстой ажлаа одоо болтол мэдэхгүй явна.  Уурын зуухнуудыг хаахын оронд нийслэлд маш их хэрэгтэй байгаа ТЭЦ-5-ыг хурдан барихад л У.Хүрэлсүх энэ бүх цаг хүчээ зарах ёстой байсан.Шинэ станц баригдвал уурын зуухны хэрэгцээ тэртэй тэргүй багасна гэдгийг жирийн иргэд ч мэдэж байгаа. Харин хотын дарга С.Батболд Ерөнхий сайд өмнөөс нь ажлыг хийгээд байхад ичиж зовохгүй нь сайхан юм. Харин ч дулаан ордон тохилог өрөөнөөсөө гарахгүй таатай байгаа бололтой.

www.ulsturch.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.