Х.НЯМБААТАР: Иргэд энгийн паспорт авах уу, цахимыг авах уу гэдэг нь нээлттэй
Үйл явдал
/
2023-03-16
Цахим гадаад паспорт олгох үйл ажиллагааны нээлт өнөөдөр буюу 03 дугаар сарын 15-ны өдөр боллоо

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ

Энэ оны 3 дугаар сарын 1-нээс үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга эхэлсэн бол өнөөдрөөс үндэсний энгийн цахим гадаад паспорт хэвлэгдэж иргэд хүлээн авахад бэлэн боллоо. Улсын бүртгэлийн байгууллагын энэ онд хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг Монгол улсын иргэдэд олон улсын стандартад нийцсэн үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох байсан. Энэ ажлын хүрээнд манай улс ИКАО буюу олон улсын иргэний нисэхийн байгууллагын нийтийн  түлхүүрийн санд 2021 оны 12-р сард 82 дахь орноор элсэн орсон юм. Уг нийтийн түлхүүрийн санд одоогоор 90 гаруй орон гишүүн болж элссэн байдаг бөгөөд эдгээр орнууд тус мэдээллийн санг дундаа ашигладаг онцлогтой. Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг. Ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газруудад үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгах асуудлыг зогсоох, иргэний танилтыг дээд түвшний нарийвчлалтай болгох,паспорт олгосон газрыг хөдлөшгүйгээр баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх зэрэг давуу талуудтай.

Иргэд үндэсний энгийн цахим гадаад паспорт болон үндэсний энгийн гадаад паспортын аль нэгийг өөрийн сонголтоор захиалах боломжтой бөгөөд үндэсний энгийн цахим гадаад паспортын үнэ 82500 төгрөг бол үндэсний энгийн паспорт 40000 төгрөгийн үнэтэй.

Дашрамд дурьдахад Австрали, Канад, АНУ, Шенгений орнууд, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк зэрэг улсууд цахим гарц буюу e-gate-ээр цахим паспорт ашиглан нэвтэрч байна.

 

Улсын бүртгэлийн байгууллагууд дээр цахим гадаад паспортын захиалга авч байна. Өмнө нь олгогдсон паспортууд хүчинтэй. Өөрөөр хэлбэл иргэд сонголтоороо энгийн паспорт авах уу, цахимыг авах уу гэдэг нь нээлттэй

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.