Засаг даргын зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2024-11-22

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны XXI  хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн урьдчилсан танилцуулга, аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, Газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай, Аймгийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалт, Болзошгүй аваарын зардлаар хийх ажлын танилцуулга зэрэг зургаан асуудлыг хэлэлцэв. 

     Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар Зөвлөлийн гишүүд мэдээлэл сонсож, саналаа илэрхийлсэн.  Ирэх долоо хоногт салбар бүрээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд бэлтгэл хангаж оролцохыг аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү даалгав. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний нийгмийн болон мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналыг нэгтгэхийг санууллаа. 

Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр, намуудын мөрийн хөтөлбөр  зэрэг  баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулдаг билээ.  Харин аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 

    Газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагаанд газар зохион байгуулалтын чиглэлээр 8 арга хэмжээ, барилга хот  байгуулалтын чиглэлээр 3 арга хэмжээг тусган хэрэгжүүлжээ.  2024 онд  аймгийн хэмжээнд гудамж талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх  ажлыг Ланд Овнер” ХХК гүйцэтгэсэн байна. 

Хаягийн мэдээллийн систем дэх нэгж талбарын орц, гарц, зам, гудамжны эхлэл, төгсгөлийг зураглах ажлын хүрээнд 1096 гудамжны эхлэл, төгсгөлийг зураглаж, нэр олгогдоогүй 68, шинээр нэр өгөх 6 гудамжинд нэр өгөх ажлыг хийж буй аж. 

Мөн кадастрын хаягийн мэдээллийн сангийн 25905 нэгж талбарт орц гарцыг  зураглажээ. Авто замыг зураглал хийхдээ мэдээллийн сан шинэчлэн 5051 атрибутан мэдээллийг бүрдүүлсэн байна.  Аймгийн Засаг даргаас  өгсөн үүрэг даалгавар, БХБЯ-ны 02-00/08 удирдамжаар Орхон аймгийн хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй шинээр баригдаж байгаа 42 барилгад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж 106 заалттай 16 албан шаардлага хүргүүлсэн байна. 

Мөн зургаан барилгад дүгнэлт, 29 барилгад зөвлөмж өгч хууль зөрчсөн гурван  ААНБ-д  30 сая, найман иргэнд 8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.  Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар нийт 11 газарт хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 3 дүгнэлт 9 хугацаатай албан шаардлага өгч зөрчлийг арилгуулсан. Газрын тухай хууль, Газрын кадастрын тухай хуулийг зөрчсөн 18 иргэн, 2  аж ахуйн нэгжид "Зөрчлийн тухай" хуулийн дагуу нийт 10 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ онд газар эзэмшил, ашиглалттай холбоотой 98 өргөдөл гомдол ирснээс утсаар 34, бичгээр 64 ирсэн байна. 87 өргөдөл гомдолд хуулийн дагуу хариу өгч ажилласан байна. 
Зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг танилцуулгадаа тусган ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.