Т.Мөнхсайхан:БОЭТ-ийг түшиглэн Хавдрын төв байгуулна
Үйл явдал
/
2024-11-23

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр манай аймагт ажиллаж байна. Сайдын бүрэлдэхүүнд Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал  Б.Ганзориг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир болон яамны хэлтэс албад, харьяа байгууллагын дарга нар багтжээ. 

Албаныхны манай аймагт ажиллаж буй  зорилго нь  сайдын тушаалаар томилогдсон төвлөрлийг сааруулах "Үндэсний баг"-ийн үйл ажиллагаатай танилцах, дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй бэрхшээлийг газар дээр нь шийдэх,  зарим асуудлыг бодлого үйл ажиллагаандаа тусгах юм. 

Үндэсний  баг нь   манай аймагт хавдар, зүрх судас, ангиографийн оношилгоо, гэмтэл согог, ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээг  үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд   дадлагажуулах,  сургах, мэргэжил арга зүйгээр ханган  ажиллаж буй.

Салбарын сайд эхлээд А.Амарын танхимд аймгийн эрүүл мэндийн салбарын  эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.  Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Сайд Т.Мөнхсайхан  “Орхон аймгийн БОЭТ, ЭМГ-тай өнгөрсөн хугацаанд уялдаа холбоотой ажиллаж ирсэн. 2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа Дэмжих төв, ангиографийн аппаратын асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр энэ ажил маань иргэдэд хүрч үр дүн гарч байгаад баяртай байна.  Орхон аймгийн эрүүл мэндийн туламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд сайжирч байгаа. Гэхдээ бидэнд анхаарах, сайжруулах асуудал бишгүй бий. Тиймдээ ч  өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Улаанбаатар хотын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн бодлогоор тэргүүлэх  аймаг Орхон аймаг, Эрдэнэт хот байх ёстой. Аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч,  эрүүл мэндийн салбартаа оруулах хөрөнгө оруулалт нь жилээс жилд нэмэгдэж байгаад талархаж байна. 
Эрүүл мэндийн яамны зүгээс бодлогоор олон дэмжлэгийг үзүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. 

Эрүүл мэндийн яамнаас  2025 онд хавдар, ангиографи, эмгэг судлал гэсэн  гурван төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь орон нутагт хөгжүүлэхээр зорьж буй аж. 
Үүний эхлэл болгож аймгийн БОЭТ-ийг түшиглэн Хавдрын төвийг ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөжээ.  Эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, хүний нөөцийг бэлтгэж гадаад дотоодын сургалтад хамруулах зэрэг асуудал  өнөөдөр манай аймагт ажиллаж буй ажлын үр дүнд шийдэгдэх юм. 

Мөн тэрээр,  ангиографийн аппаратыг орон нутгийн бүх эмнэлгүүдэд суурилуулсан ч ашиглалт нь хангалтгүй үр дүн муу байгаа талаар  хэлэв. Ангиографийн нийт тусламж үйлчилгээний 95 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч буй аж. 

Манай аймгийн тухайд сүүлийн гурван жилийн хугацаанд 610 иргэнд ангиогоор мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.  Ангиографийн аппаратаар ганцхан  зүрх судас биш эмэгтэйчүүд, дотор гэх мэт маш олон төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.  Энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг орон нутагт нь цогцоор үзүүлэх боломжтойг тэрээр хэлж байна. 

Аймгийн БОЭТ төгсөлтийн дараах болон сувилахуйн чиглэлээр сургалт явуулдаг. Сургалт эрхлэх багшлах боловсон хүчин, сургалтын орчин, тоног төхөөрөмж гэх мэт бааз сайтай орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Тэгвэл үүнийг үндэслэн Орхон аймагт сувилахуйн сургууль байгуулах боломжтойг салбарын сайд онцолсон. Үүнтэй холбоотой судалгааг танилцуулахыг холбогдох албаныхнаас хүссэн. 

Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын ажилтнууд сайдаас Эрүүл мэндийн даатгалын сан, хөнгөлөлттэй эмийн үнэ тариф, эрүүл мэндийн байгууллагын цахимжилт, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой  асуудлаар  санал хэлж, асуулт асуусан. 

Т.Мөнхсайхан сайд “2021 оноос хойш ЭМДС-нд төвлөрөх ёстой 218 тэрбум төгрөг төвлөрөөгүйгээс өнөөдөр хүнд нөхцөл байдалд орсон. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдах, цалингаа тавьж чадахгүй байх хэмжээнд хүрээгүй. Ирэх оны төсөвт шаардлагатай санхүүжилтыг тусгуулсан. Он гараад нөхцөл байдал сайжирна.  
Нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа байгууллагууд зөв оновчтой тусламж үйлчилгээгээ үзүүлдэг байх шаардлагатай байна. Үр ашиггүй, үрэлгэн зардлууд маш ихээр гардаг. Энэ мэт асуудлыг шийдэж байж эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой гэж харж байгаа” гэлээ. 

Албаныхан БОЭТ, Эрүүл мэндийг дэмжих төв болон зарим өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцана. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.64.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.