Авто зогсоолын хүрэлцээ бага тул нийслэл хотод хувь, хувьсгалын гэлтгүй ажил амжуулахын тулд аль нэг байгууллагын гадна автомашинаа байрлуулах зогсоол олно гэдэг ёстой нүдний гэм болсон. Бүр аргагүйд хүрвэл машинаа ачуулахгүйн тулд минутаар төлбөр нь тооцогдох зогсоолд тавиад яаруу сандруу ажлаа амжуулна. Түр хугацаанд орхисон автомашиныг жолоочид мэдэгдэхгүйгээр ачиж, E-Policy аппликейшнд мөн торгууль бичдэг байсан. Уг шийдвэрийг иргэд эрс эсэргүүцсэн тул Хууль зүй дотоод хэргийн яам болон бусад холбогдох албаныхан журамд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн.
Нийслэлийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн 01 сарын 27-нд хэлэлцэж тус хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 101 дүгээр журамд оруулах саналыг боловсруулжээ:
-Тухайн жилд дөрөв болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөх
-Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй
-Тээврийн хэрэгслийн жолоочийг гурваас доошгүй удаа зарлан дуудах, утсаар залгах, мессеж хүргэх шат дараатай явуулахад ирээгүй бол тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, үндсэн төлбөрийг төлөх
-Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх
-Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг байгаа юм.
Тоон мэдээллээс харвал 2022 оны байдлаар нийт 120 мянга 459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52 мянга 636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон дуудлага байсан аж.
Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд, эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна.
Түүнээс гадна тээврийн хэрэгсэл дотор хүн болон амьтан байгаа тохиолдолд тухайн автомашиныг ачихгүй байх саналыг боловсруулжээ. Тиймээс эдгээр асуудлыг харгалзаж одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах аж. Өнөөдрийн байдлаар машин ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 компани байгаа гэлээ. Тэдний зүгээс мөн дээрх журамд холбогдох санал хүсэлтээ холбоогоор дамжуулж илэрхийлсэн байна.
"Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны удирдлага: Н.ДАВААНЯМ:
Бидний зүгээс гомдол, санал, шаардлага тавиагүй. Албаныхан иргэдээс гаргасан саналд тулгуурлан автомашин ачих журамд тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа гэсэн. Журмыг нийслэлээс боловсруулж Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн гэдэг мэдээлэлтэй байгаа. Бид гарсан хууль журмыг л дагаж мөрдөж үүрэгтэй.
Нэгдүгээр эгнээний машин ачилтыг зогсоогоод багагүй хугацаа өнгөрч байна. 14.8 тэмдэглэгээг зөрчиж, түр зогсох боломжгүй эгнээнд автомашинаа байршуулж, дүрэм зөрчсөн иргэдийн машиныг ачдаг зохицуулалттай.
Тухайн үед иргэн өөрийн машинаа буцаан авахын тулд ачилтын төлбөрийг тушаадаг байсан. Гэтэл E-Policy цахим хуудаст давхар торгууль бичигдэж байсан учир иргэдийн дургүйцлийг хүргэсэн.
Тиймээс журамд өөрчлөлт оруулах хүртэл нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачихгүй байх шийдвэр гарсан. Одоо байгаа мэдээллээр журмын нэмэлт өөрчлөлтөд эхний удаад иргэнд цахимаар торгуулийн мэдээлэл очно. Үүний дараагаар дахин зөрчил гаргавал машиныг нь ачих зарчим үйлчлээд явна. Энэ шийдвэр эцэслэгдээгүй учир ачилтын компаниуд журамд заасан үйлчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Манай холбоонд албан ёсны зөвшөөрөлтэй 14 ачигт автомашины компани бүртгэлтэй. Зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийг жил бүр адистачлалд хамруулж тэнцсэн компанитай гэрээ хийж, үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлэх зэрэг зохицуулалттай. Тэнцээгүй аж ахуй нэгжид шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч ажилладаг.
Жолооч нар болон автомашин ачдаг компаниудын хэлж байгаагаар хоорондын маргаан журам дахь тодорхой бус заалтуудаас болж үүсдэг гэсэн юм. Өнөөдрийн байдлаар Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийт 14 компани цагдаагийн албан хаагчаас олгосон зөвшөөрлийг үндэслэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажлыг гүйцэтгэж байгаа. Гэхдээ өдөр тутамд тус компаниудад иргэдээс гомдол, санал ирдэг байна. Хэрхэн шийдвэрлэдэг талаар ачилтын компаниудаас асуухад "Үл ойлголцолд хариулт өгч, зөвшөөрөлгүй хэсэгт машинаа байршуулсан гэдгийг тайлбарладаг. Машин дотор хүн, амьтан байхад ачсан гэдэг асуудал гарсан тохиолдолд мэдээж хариуцлагаа хүлээж уучлалт гуйна. Гэхдээ тийм асуудал бараг гардаггүй" гэлээ. Харин иргэд, жолооч нарын хувьд "Ачилтын компани хариуцлагагүй, ёс зүйгүй, түрэмгүй үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн гадна, сургуулийн ойр машинаа түр хугацаанд яаралтай байршуулсан хэнэг ч үгүй ачдаг. Тиймээс энэ үйлчилгээг бүрэн зогсоож зөвхөн торгууль тооцдог болох нь зөв" болохыг хэлж байлаа. Мэдээж асуудал байгаа учир түүнийг шийдвэрлэх тодорхой гарц гаргалгаа байж л таараа. Тиймээс холбогдох албаныхан иргэдээс санал хүсэлт авч, шийдвэр гаргахаас өмнө ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай ч холбогдож хэлэлцсэн байна. Одоогоор машин ачих үйлчилгээг бүрэн зогсоох талаар огт яригдаагүй бөгөөд харин үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх талаар санал гарсан аж.
Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон болохыг Улсын ерөнхий прокурорын байгууллагаас мэдээлсэн.
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр:
Машин ачилтын тухайд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дүгээр тушаалаар зохицуулдаг. Энэ журамд зааснаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид бичгээр болон цахимаар олгосон мэдээллийг үндэслэж тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, жолооч тээврийн хэрэгслээ явган хүний зорчих хэсэгт байршуулж хөдөлгөөнд саад учруулбал Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар замын хөдөлгөөний алба хаагч ажилт тээврийн ажилтантай цахим системээр дамжуулж ирүүлсэн фото мэдээллийг харгалзаж тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах зөвшөөрөл олгодог. Харин жолоодох эрхгүй, эрх нь дууссан этгээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг замын цагдаагийн нэгжийн алба хаагчид бичгээр өгч гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.
Ачилт тээврийн зардал гаргуулж байгаа хэрнээ зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байна гэдэг дүн гарсан. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсэн байгаа.
Тус тайлбарыг өнгөрсөн нэгдүгээр сард УЕПГ-аас өгсөн. Дата мэдээллээс харвал цагдаагийн байгууллагын алба хаагчаас 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах 130 мянга 537 зөвшөөрөл олгосон байна. Үүнээс цахимаар олгосон 88 мянга 915 зөвшөөрөлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулалгүй, зөвхөн зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, тээврийн хэрэгслийг буцаан олгосон нийтлэг зөрчил илэрчээ.
Түүнчлэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын шаардлага бичиж, хүргүүлсэн байна.
ЗОГСООЛ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛ МАШИН АЧИЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ШААРДЛАГАГҮЙ
Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард захиалгаар хийлгүүлсэн судалгаанд “Ямар арга хэмжээ авбал түгжрэл буурах вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 73 хувь нь ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол жолооч нар дуртай газраа машинаа орхиж явахгүй” гэж хариулжээ. Бүр 84 хувь нь 150 мянган төгрөг болгохыг дэмжсэн гэх. Одоо мөрдөж байгаа ачилтын 60 мянгын төлбөрийг судалгаанд оролцсон иргэдийн 13 хувь нь өндөр гэж үзжээ. Гэхдээ уг судалгаа олон нийтийг бүрэн хамарсан уу гэвэл үгүй. Тэр тусмаа үнийн өсөлт, эдийн засгийн хямралд "дарлуулж" буй иргэд ийм санал гаргасан гэдэг нь ч эргэлзээ дагуулж байв. Тухайн үед нийслэлийн хэвлэлийн албанаас "Ачилтын төлбөр нэмэх нь иргэдээс ирсэн санал болохыг тодотгоод, ачилтын төлбөрийг нэмэх шийдвэр батлагдаагүй" гэх мэдээлэл өгч байлаа.
Тиймээс машин ачилтын журамд зайлшгүй өөрчлөлт оруулах төдийгүй, зогсоолыг нэмэх тал дээр нийслэлээс анхаарч, түр зогссон машиныг шууд ачихгүйгээр 3-5 минут хүлээж, чанга яригчаар зарлан мэдээлэх зохицуулалтыг маш тодорхой тусгахыг иргэд хүсч байгаагаа хэлсэн юм. Харин албаныхан хэлэлцэж, эцсийн шийдвэр гараагүй учраас төлбөр болон бусад мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэх мэдээллийг өглөө.
-
21 цаг 35 мин
-
21 цаг 36 мин
-
21 цаг 40 мин
-
22 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин