Д.БАЯРАА: Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, зааж сургах, зөвөөр үлгэрлэх нь миний үүрэг
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, спортын мастер, аймгийн арслан Д.Баяраа оролцож байна. Тэрбээр 1978-2001 онуудад Баян-Өлгий аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст Ээлж, салааны дарга, Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. 2019 оноос Онцгой байдлын газарт Хүндэтгэл /музей/-ийн танхим, ахмадын асуудал хариуцсан ажилтнаар дахин томилогдож улсад 54 дэх жилдээ, Онцгой байдлын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж байна. Түүний хувьд 56 жилийн турш спортыг өөрийн хобби болгон, олон төрөлд амжилт үзүүлж, залуу хойч, үеэ сурган, дадлагажуулах, биеийн тамирыг сурталчлан таниулах үйлсэд гар бие оролцож байгаа юм.
Спортоор хичээллэж эхэлсэн түүх минь аавтай минь холбоотой. Аав минь Улаанбаатар хот, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт Биеийн тамирын багшаар 45 жил ажилласан. Өлгий-Улаанбаатар-Өлгий маршрутаар 3500 километрийг анх удаа дугуйгаар туулсан хүн. Спортын олон төрлийг Баян-Өлгий аймагт анх хөгжүүлсэн хүн л дээ. Хөнгөн атлетик, дугуйн спортыг хөгжүүлж, уран сайхны хөдөлгөөнт гимнастикийг улсын баяр наадмаар бөмбөр цохиж 300-400 хүний бүрэлдэхүүнтэй хийдэг байлаа. Аавтайгаа өнгөрүүлсэн он жилүүд намайг спортод “дурлуулсан”. Бид гэр бүлээрээ спортыг сурталчилж таниулахын төлөө хичээн ажилладаг байсан үе.
Миний хувьд бөхийн 6 төрлөөр буюу /Үндэсний бөх, жудо, самбо, чөлөөт бөх, казах күрес, алтайский кураш/-аар, спорт тоглоомын 5 төрөл буюу /Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, ширээний теннис/-ээр, Хөнгөн атлейтикийн 10 төрөл буюу /60, 100 метрийн гүйлт, урт, өндрийн харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлт, спортын 4 төрөлт, хөдөлмөр, батлан хамгаалах бэлхэн тэмдэгийн норм, марафон, бага марафон, гранат, жад шидэлт/-ээр, Гал унтраах техникийн олон төрөлт спортын 5 төрөл /Довтолгооны шат, саадтай 100 м, 4*100 м-ийн буухиа, 3 сунадаг шат, байлдааны тархалт/, Бусад спортын 6 төрөл /цана, тэшүүр, явган аялал, бокс, хүндийн өргөлт, шагайн харваа, сур, буудлага/ зэргээр хичээллэдэг.
Анх 1967 онд хичээллэж эхэлснээс хойш 2023 он хүртэл 56 жилийн хугацаанд тив, улс, бүс, аймгийн чанартай 900 гаруй спортын уралдаан, тэмцээнд оролцож, 145 алт, мөнгө, хүрэл медаль, 689 ширхэг Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, диплом, өргөмжлөлөөр шагнагдсан байна. Тухайлбал, 1984-1987 онуудад Гал командын гар бөмбөгийн баг нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 удаа түрүүлсэн, 1981 онд ОХУ-ын Горьно-Алтайский хотноо зохион байгуулсан “Бага олимп”-ын самбо, Алтайский кураш барилдаанд оролцож, хоёр алтан медаль, 2005 онд Казахстан улсын Кош-Агач хотноо болёон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Казах күрес барилдаанаас алтан медаль хүртэж, 2006 онд Монголын Үндэсний олимпын тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”, Монголын Үндэсний олимпын алтан медаль, “Олимпын алдар” одонгоор шагнуулсан түүхтэй.
Харин Гал унтраах техникийн олон төрөлт спортоор 1988-2001 онд хүртэл хичээллэж, баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Баян-Өлгий аймагт 1988, 1996 онд зохион байгуулсан. 1988 оны тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, ба 1988-2001 оны хооронд 30 гаруй удаагийн тэмцээнд оролцож бүсийн аваргаар 2 удаа, 2 дугаар байранд 8 удаа, 3 дугаар байранд 14 удаа шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж байлаа.
Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Миний хувьд 70 нас хэдий хол давсан ч 20 настай залуустай эн зэрэгцэн спортын уралдаан, тэмцээнд оролцсоор байгаа нь спортоор хичээллэж байсны минь ач тус гэж боддог.
-Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэх, зааж сургах, зөвөөр үлгэрлэх нь миний үүрэг. Одоогийн байдлаар сум, аймгийн цолтон -25, улсын цолтон-2, спортын зэрэг цолтой 100 гаруй тамирчныг бэлтгэсэн байна. Тэднийхээ амжилтыг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг шүү.
-Онцгой байдлын газарт ажиллах хугацаандаа Онцгой байдлын албанаас зохион байгуулсан олон төрлийн уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцож, тодорхой амжилтыг гаргаж байлаа. Онцгой байдлын албаны 10 жилийн ой, Монголын Үндэсний V их наадмын хүрээнд Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын их наадмын шигшээ тэмцээнд, 2020 онд зохион байгуулсан аварга шалгаруулах тэмцээнд багаараа маш амжилттай оролцож, ширээний теннисний төрөлд 3 алтан медаль, холимог төрөлд III байр, шигшээ тэмцээнд хүрэл медаль, гир өргөлт, дартс, гар бөмбөг, усанд сэлэлтийн тэмцээнд оролцсон тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан амжилттай. Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Б.Анхбаяр /одоогийн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга/ ахлагчтай баг аймгийн шагайн харваан тэмцээнд олон ч амжилт гаргаж байсан нь түүхийн хуудаснаа тод үлдсэн байна.
Музейн өрөөгөөр минь зочилсон хүн бүхэнд Онцгой байдлын албаа танилцуулж, албаараа бахархах сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. 2018 оноос хойш Онцгой байдлын газрын Музейн өрөөг тохижуулах, дэглэлт хийх амаргүй ажилд Ц.Эрдэнэбулган /Музейн эрхлэгч/-тай хамтран өөрийн хүч хөдөлмөрөө шингээж 137 төрлийн үзмэр, эд өлгийн зүйлийг бүртгэж байршуулсан байна. Мөн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж “Аюулыг сөрсөн тангараг” номыг бэлтгэн хэвлүүлэхэд бэлэн болгоод байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
19 цаг 12 мин
-
19 цаг 13 мин
-
19 цаг 17 мин
-
20 цаг 22 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин