Ц.ОЮУНБААТАР: Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна
Үйл явдал
/
2023-03-22

"Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган болохтой холбоотойгоор усны салбарын тулгамдсан асуудлуудаар төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн салбар хуралдаан "Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд өрнөж байна. 

Хуралдаанаар Монгол орны гадаргын усны нөөц, өөрчлөлт тулгамдаж буй асуудлын талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн дарга, доктор Ц.Оюунбаатар илтгэл тавилаа.

Уур амьсгалын судлаачдын 2099 он хүртэл гаргасан хур тунадас хэрхэн өөрчлөгдөх талаарх судалгаанд ерөнхийдөө хур тунадас төдийлөн нэмэгдэхгүй ч ууршил нь хэд дахин давж нэмэгдэнэ гэдгийг энэ үеэр онцолсон. 

Доктор Ц.Оюунбаатар "Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрээсээ зарлага нь давсан байна гэсэн үг. Ууршил 2046-2065 онд 100 мм, бүр 360 мм хүртэл нэмэгдэж, хур тунадасны өсөлтөөс олон дахин ахиу байх төлөвтэй байгаа. Энэ нь голуудын сав газар ойрын ирээдүйд улам хуурайшихын илтгэж байна" гэлээ. 

Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт

Жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн (Өвөл 2.6 градус, Зун 1.4 градус)

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурсан

Монгол орны төвийн бүсэд эрчимтэй өөрчлөлт илэрч байна.

Ганга нуур ширгэсэн шалтгаан

Үргэлжлүүлэн тэрбээр илтгэлдээ Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж нуурууд ширгэж байгаа асуудлыг хөндөж дараах жишээг дурдсан юм. 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших алдарт Ганга нуурын усны түвшин дүүрэн байсан 1990-ээд оны сүүлчээс 1.5м доошлон, түүний усан гадаргын талбай 2016 оны байдлаар нуур дүүрэн байсан үеэс зургаа дахин хумигдан, хатаж ширгэхдээ хүрсэн.

Үүний гол шалтгаан нь хэт халалттай давхацсан олон хоног үргэлжилсэн хур тунадасгүй өдрүүд байлаа. 2016 оны зун 25-45 хоног үргэлжилсэн хур бороогүй өдрүүд таарч 1941-2015 он хүртэлх 75 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун байсан юм.

Монгол орны усны нөөц

Нуурын ус: 532 км.куб

Хур цас, мөсөн гол: 19.4 км.куб

Гол мөрөн: 34.6 км.куб

Газар доорх ус: 10.8 км.куб

Хөвсгөл нуурт- 384.1326 км.куб (нуурын усны 72.2 хувь, гадаргын нийт усны нөөцийн 65.6 хувь, Монгол орны нийт нөөцийн 64.4 хувь)

Сэлэнгэ мөрөн- 10.7 км.куб Гол мөрний усны 30.9 хувь

"Усны чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна"

Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшилын стандартаар бол уулархаг бүс нутагт 1,000 км2, тал хээрийн болон ухаа, толгод бүхий бүсэд 1,875 км2 тутамд ус судлалын нэг харуул ажиллаж байж ажиглалт хэмжилтийн нарийвчлалыг хангах бололцоотой гэж үздэг байна.

Тэгвэл Монгол орны гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээнд өнөөдрийн байдлаар ус судлалын 157 харуул ажиллаж байгаа юм. Ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшил 5,500 км2-т нэг харуул ажилладаг гэсэн үг. Энэ нь хүний нөөц дутагдалтай байгааг илтгэж байна хэмээн доктор Ц.Оюунбаатар хэлсэн юм.

Тэрбээр "Усны чиглэлээр суралцаж төгссөн мэргэжилтнүүд ажлын байран дээр гараад цалин хөлс, ажлын байрны нөхцөлөөс болж ажиллах боломжгүй болж ажлын байраа орхиж байгаа. Түүнийгээ дагаад энэ чиглэлээр сурах оюутны тоо ч багасаж байна.

Өнөөдөр манай улсын орон нутгийн инженерүүд 600-800 мянга орчим төгрөгийн цалинтай буюу жилдээ $2,500-3,500 цалинтай. Харин дэлхийн зарим улсад газарзүйн салбарын эрдэмтэн, судлаачид жилдээ $90,890, ус судлаачид $62,261 цалин авдаг жишиг байна.

Хүнээ асуухгүй байж малаа асуудаг гэдэг шиг энэ салбарын мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдээгүй байж усны асуудлаа түрүүлж ярьдаг. Энэ нь цаашлаад хамгийн том тулгамдаж байгаа асуудал ч байж болох юм.

Мөн өргөн том голуудын урсцыг хэмжих өндөр нарийвчлалтай багаж төхөөрөмж дутагдалтай байна. Энэ жишээтэй хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай байдал хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна" гэв.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.253.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.