Х.НЯМБААТАР: Одоогийн байдлаар 4,350 ХҮН ХОРИГДОЖ байгаа нь олон жилийн дунджаас БАГА ҮЗҮҮЛЭЛТ
Үйл явдал
/
2023-03-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өгөв. 

Тэрээр: "Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өмнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр 24 цаг баривчилдаг. Энэ хугацаандаа цааш үргэлжлүүлж, цагдан хорих тохиолдолд шүүх хурал хийлгэж, шүүхийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Үүнтэй зэрэгцүүлж зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн болон программ хангамжийн асуудлыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага шийдээд бэлэн болсон.

Процессын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт орно. Энэ хүрээнд хойшлуулшгүй журмаар баривчилж байгаа зохицуулалтад НҮБ-ын Хүний эрхийн комиссоос өгсөн зөвлөмжийн хүрээнд хуульд тодорхой босго, шалгуурууд тавихаар ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ. 

 "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,000 гаруй хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал: 

  • Улаанбаатар хотод 600
  • Орон нутагт 300 гэх мэдээлэл бий.

Цаашдаа бид таслан сэргийлэх арга хэмжээний төрөл хэлбэрийг өөрчилснөөр дээр дурдсан тоо эрс буурна. Өмнө нь үүнийг өөр ял дээр хэрэглээд үзсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих ангиудад 4,350 хүн ял эдэлж байна. Энэ тоо өмнө нь тогтмол 7,000 ба түүнээс дээш гардаг байсан. Хэд хэдэн жил болоод л ойр ойрхон өршөөлийн хууль санаачилж, батлуулж хүмүүсийг суллаж, цөөлдөг ийм зохицуулалт байна.

2017 оны хуулийн үр нөлөө гарч байгаа. Одоогийн байдлаар 4,350 хүн нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байгаа нь олон жилийн дунджаас бага үзүүлэлт юм.

Дээр нь нэмээд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,400 орчим хүн энэ төрлийн ялаар шийтгүүлээд байна. Цаашид төрийн шийтгэл, цээрлэлийг хүртэл цахим технологи ашиглаж, заавал шоронжуулалгүйгээр хэрэгжүүлж болж байна. Заавал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч тухайн хүний хэргийг мөрдөн шалгана гэдэг хуучин ойлголтоосоо бид салъя гэдэг агуулгаар холбогдох хуулийн төслийг санаачилж байгаа" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.