Н.УЧРАЛ: "230 зөвшөөрлийг цахимаар авах боломжтой Е-БИЗНЕС платформыг ирэх сарын 06-нд" нээнэ
Үйл явдал
/
2023-03-28
Авлигатай тэмцэх таван “Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааг” ахалж байгаа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал уг ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны үндэс суур нь шилэн ажиллагаа.

Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Тиймээс тэр боломжийг уг үндсээр нь тастах буюу Хөгжлийн банк, Нүүрсний хулгай зэрэг асуудал шиг хожуу хойно нь ярилцдаг биш тухайн үед нь иргэд өөрсдөө хянадаг боломжийг нээх нь шилэн ажиллагааны хамгийн гол зорилт юм.

Уг ажиллагааны эх үндэс нь мэдээллийг ил тод нээлттэй болгохоос эхэлнэ. Тиймээс Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллүүдийг нэгтгэж, иргэддээ илүү цэгцтэй ойлгомжтой хэлбэрээр хүргэн, мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг олгохоор болсон. Тус нээлттэй мэдээлэлд байгууллагын чиг үүрэг, стратеги зохион байгуулалт, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон бусад төрлийн мэдээллүүд хамаарагдана.

Үүнийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ) хуулиар хүлээгдсэн эрхийнхээ хүрээнд мэдээлэл дээр нь анализ хийж, байнга шинэчлэгддэг ил тод шилэн платформыг гаргаж байна.

Эхний байдлаар тус платформ дээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл буюу мэдээллээ ирүүлсэн төрийн есөн байгууллагын 3,426 тусгай зөвшөөрлийн мэдээллийг ил болгож байна. Энэ нь нийт нээлттэй мэдээллийн 10 хүрэхгүй хувь нь юм” гэлээ.

Цахим Хөгжил Харилцаа Холбооний Яам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр төрийн бүх байгууллага руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох тухай албан хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн байна. Уг шаардлагын хүрээнд 21 аймгаас 12 аймаг нь огт хариу өгөөгүй. Хүртээмжтэй, хугацаандаа, иргэнд ээлтэй, эх сурвалжтай гэсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийхэд 43.03 хувьтай. 10 яам мэдээллээ ирүүлсэн, 66.9 хувийн үнэлгээтэй. 38 агентлагаас 18 агентлаг мэдээллээ огт ирүүлээгүй, 54.92 хувьтай байгаа бөгөөд байгууллагууд мэдээллийг нээлттэй болгох үүргээ биелүүлэхгүй, албан бичигт ихэнх нь огт хариу өгөөгүй байна гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.