С.ЧИНЗОРИГ: Монгол Улсын эмнэлгийн орны хүрэлцээ дэлхийн дунджаас дөрөв дахин, өндөр хөгжилтэй орнуудынхаас хоёр дахин их байдаг
Үйл явдал
/
2023-03-30

Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулах төсөв зардлыг жил тутам улсын төсөвт нэмж суулгаж байгаа боловч эмийн үнэ өссөөр байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд их олонлогоор хянах зэрэг аргачлалыг нэвтрүүлсэн хэдий ч одоогоор нийт нэхэмжлэлийн 15 орчим хувийг хянаж байна. Цаашид хяналтын тогтолцоог бас бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж давхардлыг арилгах, салангид байсан эх үүсвэрийг нэгтгэх ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан тогтолцоонд шилжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буйг дурдаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн эмч, ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Эрүүл мэндийн сайд цааш хэлэхдээ,  лавлагаа шатлалын эрүү мэндийн байгууллагуудад програм хангамжийн ачаалал өндөр, хэрэгтэй мэдээлэлийг бүртгэдэггүй, шаардлагагүй хэвтэлт өндөр хэвээр байгаа, нөөцийн илүүдэл нь эмнэлгийн үр ашгийг бууруулдаг, өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай, яаралтай тусламж, жирэмсний хяналт, өдрийн мэс заслын журмууд зөрчилтэй зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дурдаж, эдгээрийг яаралтай тусламж, үйлчилгээний эрэмбийг тодорхой болгох, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ ЭМБ-уудад шатлалын зөрүүтэйгээр нэхэмжилэх тохируулга хийх, зарим оношийн хамраалтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, шаардлагагүй хэвтэлтийг мөн буурулах, эмнэлгийн орны тоог цөөрүүлж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх замаар шийдвэрлэх боломжтой гэлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар эмнэлгийн 42000 ор байгаа нь дэлхийн дунджаас дөрөв дахин, өндөр хөгжилтэй орнуудынхаас хоёр дахин их байгааг тэрбээр хэллээ.

Сайдын мэдээлэлд дурдсанаар анхан шатын эрүүл мэндийн байгууллагуудад хүн ам цөөн зарим сумдууд болон урьд нь зардал өндөр байсан сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас санхүүгийн хүндрэлд орсон, тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт тодорхой бус, програм хангамжийн хөгжүүлэлт анхан шатанд тохироогүй, зохиомол ачаалал үүсгэж буй зэрэг хүндрэлтэй асуудлууд хуримтлагдсан байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашглаж байгаа программ хангамж нь хүн төвтэй бус үйлчилгээ төвтэйгөөр хийгдсэн нь асуудал үүсгэж байгаа аж. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын программ хангамжийг илүү оновчтой, тодорхой, хүн төвтэйгөөр хийж сайжруулах, тусламж үйлчилгээний жагсаалтыг нэмэгдүүлж шинэчлэх, зарим сумдын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд коэффицентоор тохируулга хийх, ялангуяа газар нутгийн хэмжээ, алслагдсан байдлаас нь хамааруулаад коэффицент гаргаж тохируулах шаардлагатайг сайд С.Чинзориг тайлбарлав.

Түүнчлэн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санд тулгамдаж байгаа асуудал бол тус сангийн тэнцэл алдагдсан явдал болохыг онцлов. Тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжихэд чөлөөт үлдэгдэл нь 600 орчим тэрбум төгрөг байсан, одоо үндсэндээ үлдэгдэлгүй болох байдалтай байгааг сайд мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн эрүүл мэндийн даатгалын хяналт хийхэд шаардлагатай маягтуудыг өөрчлөөгүйн улмаас нэхэмжлэлийг бүрэн хянаж чадахгүй байгаа, шаардлагагүй хэвтэлт буурахгүй байгаа, өвчний түүх цахимжаагүйн улмаас хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлууд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагджээ. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд өвчний түүхийг нэн тэргүүнд цахимжуулах, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний маягтуудын загварыг баталж, мөрдүүлэх, зарим оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, сангийн тэнцлийг хангах нэмэлт сонгон шалгаруулалт хийх шаардлагатайг тэрбээр дурдав.

Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа санхүүжилт өнөөдөр 2020 оныхоос үндсэндээ гурав дахин, сумын эрүүл мэндийн байгууллагад олгож байгаа санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн хэдий ч хүрэлцэхгүй байна, үйл ажиллагаа хэвийн явуулахад боломжгүй, цалин хөлс бага байна гэсэн асуудал гарсаар байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ танилцуулаад, санхүүжилт хүндрэлтэй байгаа 26 сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд 5.6 төгрөг тэрбум төгрөг нэмж тохируулга хийх шаардлагатай байгааг хэллээ.

Засгийн газрын тогтоолоор салбарын онцлог гүйцэтгэлд суурилсан үр дүн гаргасан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тухайн жилийн батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд зохицуулж, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасныг сайд мэдээлээд, үүний хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав. Мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дансны үлдэгдлийг татан төвлөрүүлэхгүй байх чиглэлээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэллээ. 2022 онд сумын болон өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцож олгох санхүүжилтийг хоёр дахин нэмсэн. Гэтэл даатгалын сангаас авах санхүүжилтийн хэмжээ нь буураад, төсвөөс авах санхүүжилт асар их болсон. Иймд төсөв санхүүжилтийн тохируулга хийхээр ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн тэрбээр, эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийг дэмжих, хувийн эмнэлгүүдэд оногдож буй ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийн даатгалын сан болон эмчлүүлэгчийн хамтын төлбөрийн тогтолцоог шийдвэрлэх, хөнгөлөлтийн санхүүжилт нь нэмэгдсээр байтал улам муудаад байгаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг олон асуудлаар мэдээлэл өглөө. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд Эрүүл мэндийн тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиуд, Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоол, журам, маягт, үйлчилгээний жагсаалт баталсан Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг тэрбээр дурдаж, эм ханган нийлүүлэлтийн болон импортын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийж байгаагаа дуулгав. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсронгуй болгох, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дурдсан юм. Түүнчлэн тус салбарын цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагад 4000 гаруй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэсэн цахим шилжилт, аюулгүй байдлыг зохицуулах Эрүүл мэндийн мэдээллийн төв байгуулах хэрэгцээ шаардлага тулгамдаж буй талаар тэмдэглэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.140.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.