Б.Дугарсэд: БГД-ын Улсын бүртгэлийн ерөнхий газар “Хаан банк”-тай хамтран “Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян”-ыг эхлүүлээд байна
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний Улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Б.Дугарсэдээс Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.
-Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулиар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэг авах эрхтэй бөгөөд тоон гарын үсэг олгох эрхтэй байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага гэж заасан байдаг. Үүний дагуу Улсын бүртгэлийн харьяа Улсын бүртгэлийн хэлтсүүд тоон гарын үсгийг олгож байна.
- Иргэд тоон гарын үсэгтэй болсноор ямар ач холбогдолтой, хэрхэн ашиглах талаар?
- Аль ч улс орнуудын иргэд, хуулийн этгээдүүд хооронд гэрээ, хэлцлүүд аман болон энгийн бичгийн хэлбэрээр хийгддэг. Бичгийн хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулж түүндээ гарын үсэг зурж, тамга дарж, шуудангаар илгээх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг. Үүнийг дэлхийн улс орнууд мэдээлэл технологид суурилж Цахим гарын үсгийн хуулиар хуульчилж шийдсэн. Дагаад Иргэний хууль, Ня-бо бүртгэлийн хууль, Даатгалын хууль, Татварын хууль, Бүртгэлийн тухай хуулиудад ч нэмэлт өөрчлөлт орсон. Мэдээлэл технологи хөгжихийн хирээр цаасыг халж цахим баримт бичигт бүрэн шилжихээс өөр аргаггүй. Төрийн байгууллагууд тоон гарын үсэгт суурилсан цахим албан хэрэг хөтлөлтөд шилжсэнээр төсвийн хэмнэлтийг бодитой болгож, авлигатай тэмцэхэд амжилт олж байгаа. Жишээ нь, Төрийн худалдан авалтын системийг тоон гарын үсэгт суурилуулсан гэх мэт. УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно” гэж өөрчлөлт оруулсан. Энэ нь бид дэлхийн бусад орнуудын нэгэн адил цахим гарын үсгийг нийгэм, эдийн засгийн бүх харилцаандаа хэрэглэж болох эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь үүнийг бүх нийтийн хэрэглээ болгох ажлыг Улсын бүртгэлийн байгууллагын хамт олон хийж байгаа. Үүний хүрээнд Улсын бүртгэлийн байгууллага 2022 онд 467000 орчим иргэндээ тоон гарын үсэг олгосон. 2023 онд Улсын бүртгэлийн байгууллага 1 сая иргэддээ олгохоор төлөвлөсөн байгаа. Ингэснээрээ бид иргэдийн цаг хугацаа хөрөнгө мөнгийг асар их хэмнэх болно. Дагаад Төрийн байгууллага дээрээ ирж үйлчлүүлдэг иргэдийн ачаалал ч буурна гэж харж байна. Сангийн яамны судалгаагаар Монгол Улсын төрийн байгууллагууд зөвхөн цаас, принтерийн хор, шуудангийн зардалд жил бүр 50-60 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин Европын Холбоо 2009 оноос хойш тоон гарын үсгийг нэвтрүүлснээс жил бүр 280 тэрбум евро, 8 тонн бичгийн цаас хэмнэх болсон гэсэн судалгаанууд гарсан байсан. Энэ бол тоон гарын үсгийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний зөвхөн нэг жишээ юм. Манай орны нөхцөлд гэхэд замын түгжрэлээс болж бид асар их цаг, хугацаа хөрөнгө мөнгөө хий дэмий үрдэг. Энэ байдал ч гэсэн энэхүү хуулиар, технологийн шийдлээр шийдэгдэх боломжтой юм. Иргэдийн Төрийн байгууллага хооронд наашаа цаашаа явах, очиж дугаарлаж зогсдог, төрийн албан хаагч авлига авдаг гэсэн хардалтууд хүртэл арилах боломжтой гэж харж байгаа. Ер нь бид Захиргааны ерөнхий хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Хувь хүн мэдээлэл хамгаалах тухай хууль гэх мэт хуультай болсноороо нийгмийн олон болж бүтэхгүй байсан харилцааг шийдэж байгаа гэж боддог.
- Иргэд тоон гарын үсгийг хэрхэн яаж авах?
- Иргэд тоон гарын үсгээ Нийслэлийн аль дүүрэг, хороо болон киоско машинаас авах бололцоотой байгаа. Мөн “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар “Хаан банк”-тай хамтран “Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян”-ыг 2023 оны 04 дүгээр сараас эхлүүлээд байна. Тус аян хэрэгжсэнээр тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх, иргэдийн тоон гарын үсгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл хүргэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд тоон гарын үсэг нэвтрүүлэх зэрэг олон ажил хийгдэнэ. Удахгүй бид банкнуудын киоско машинаар тоон гарын үсэг олгох ажлыг мөн эхлүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.176.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 10 мин
-
17 цаг 11 мин
-
17 цаг 15 мин
-
18 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин