Ч.МӨНХТҮШИГ: Байгууллагуудын хооронд нэгдмэл байдлыг сайжруулахад тус түвшин тогтоох үзлэг чухал нөлөөтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит дээрх түвшин тогтоох үзлэг нь зохион байгуулалт талаасаа хэрхэн явагдах, үйл ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ч.Мөнхтүшигээс тодрууллаа.
-Тус үзлэг нь ямар зохион байгуулалтын хүрээнд өрнөх вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өнгөрсөн онд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөрийг батлан, хэрэгжилтэд нь анхаарч ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт алба хаагчдын дунд түвшин тогтоох үзлэгийг явуулах талаар захирамж гарган, үүний дагуу үзлэг, шалгалтын удирдамжийг боловсруулж, ажлын хэсгийг томилон ирэх сарын 1-нээс эхлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
Эл үзлэг, шалгалтын гол зорилго нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ёс зүй, бие бялдрын түвшнийг дээшлүүлэх, дүрэмч жагсаалч байдал, дүрэмт хувцасны зөв хэрэглээг хэвшүүлэх, цаашлаад төрийн тусгай алба хаагчдад чиглэсэн сургалт, бэлтгэлийг сайжруулах арга замыг оновчтой тодорхойлоход чиглэж байгаа юм.
Үзлэгийг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний шат нь цэргийн анги, байгууллага, бие даасан нэгжүүдийн хэмжээнд өрнөнө. Өөрөөр хэлбэл, үзлэгийн ерөнхий удирдамжийг үндэслээд ямар норматив, шалгуур, шалгалтаар, хэрхэн дүгнэх талаар өөрсдийн удирдамжаа гаргаж, дотооддоо үзлэгээ зохион байгуулна гэсэн үг. Дараагаар нь дүн мэдээгээ зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ирүүлнэ.
Хоёрдугаар шатны үзлэг нь 6 дугаар сард эхлэх хуваарьтай. Энэ шатанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, төрлийн цэргийн командлалууд зэрэг удирдах түвшний байгууллагуудын алба хаагчид хамрагдах бөгөөд мөн л дотооддоо үзлэг, шалгалтаа зохион байгуулж дүн мэдээгээ нэгтгэн ажлын хэсэгт ирүүлнэ. Эхний хоёр шатны үзлэгийг тухайн анги, байгууллагад томилогдсон дэд ажлын хэсэг зохион байгуулна. Харин эцсийн буюу гуравдугаар шатны үзлэг 9 дүгээр сард явагдана. Энэ шатанд Ерөнхийлөгчийн захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн удирдамжаа боловсруулаад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд буюу мэргэжлийн төв байгууллагын хурандаа ба түүнээс дээш зэрэглэл бүхий албан тушаалд ажиллаж байгаа ахлах, дээд офицеруудыг үзлэгт хамруулахаараа онцлог болж байна. Мөн ажлын хэсгээс сонгосон анги, байгууллага, нэгжийн төлөөллийг эцсийн шатны үзлэгт оруулна.
Тус үзлэг нь төрийн тусгай алба хаагчдын бие бялдраа хөгжүүлэх орчин, нөхцөлийг сайжруулах, дүрэмт хувцасны зохистой хэрэглээ, ёс зүйн түвшнийг дээшлүүлэх үндсэн зорилготойгоос гадна байгууллагуудын хоорондын нэгдмэл байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.
-Үзлэгийг ямар аргачлалаар, хэрхэн явуулах вэ?
Тус үзлэг, шалгалт нь цэргийн биеийн тамирын стандартад заагдсан аргачлалаар явагдана. Тодруулбал, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, биеийн зохистой харьцаа, ёс зүй, сэтгэл зүйн болон дүрэмч, жагсаалч байдал гэх таван чиглэлээр зохион байгуулагдана. Бие бялдрын бэлтгэлийн шалгуур үзүүлэлтэд бүх хүн заавал биеийн зохистой харьцааны үзлэгт хамрагдсан байх ёстой. Цаашлаад цэргийн биеийн тамирын нормативд заагдсан байдлаар үзлэгийг зохион байгуулна. Сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нийгэм-сэтгэл зүйн чиглэлээр боловсруулсан асуумжийн хэлбэрээр аваад 100 онооны системээр дүгнэнэ. Ёс зүйн байдлыг хүн нэг бүрийн үнэлгээ ба анги, байгууллагаас алба хаагчдынхаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхээр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр тооцож мөн л 100 онооны системээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл үзлэгийн эхний хоёр шатанд анги, байгууллагуудаас алба хаагчдынхаа ёс зүйг үнэлж тогтооно. Хүн нэг бүрийн үнэлгээг сахилгын зөрчил, шийтгэлийн байдал, байгууллагын үнэлгээ, хамт олны судалгаагаар дүгнэнэ. Харин дүрэмч, жагсаалч байдлыг жагсаалын үзлэг явуулах замаар хүн нэг бүрийн жагсаалч дүрэмч байдал, дүрэмт хувцасны хэрэглээнд үнэлгээ хийгээд зөрчил тус бүрд оноо тооцон дүгнэнэ. Мөн хүн нэг бүрээс "Цэргийн нийтлэг дүрэм"-ээр тестийн шалгалт авахаар зохион байгуулсан.
Үзлэгийн үр дүнг тооцохдоо бие бялдрын бэлтгэлжилт, биеийн зохистой харьцааны үнэлгээг 50 оноогоор, ёс зүй, дүрэмч, жагсаалч байдал, сэтгэл зүйн бэлтгэлийн үнэлгээг 50 оноогоор багцлан нийлбэр 100 оноогоор эцсийн дүгнэлтийг гаргана. Үр дүнгээр онц буюу 90 болон түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, батламж гардуулна. 80 ба түүнээс дээш үнэлгээ авсан байгууллагуудаас эхний гурван байрт нь Ерөнхийлөгчийн шагнал, батламжийг гардуулна. Харин нэгдсэн дүнгээр муу үнэлгээ авсан байгууллагыг давтан шалгалтад оруулна. Үүнээс Тагнуулын байгууллага болон Төрийн тусгай хамгаалалтын газрын хувьд ямар нэгэн байрт шалгаруулахгүйгээр заасан.
Үзлэгт хамрагдаагүй тохиолдолд яах вэ?
Уг үзлэгт шалтгаангүйгээр хамрагдаагүй алба хаагчийг төрийн тусгай алба хаагчийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэн холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна. Үзлэгт хамрагдахааргүй хүндэтгэх шалтгаантай алба хаагч зохион байгуулах ажлын хэсэгт мэдэгдэнэ. Харин эрүүл мэндийн тодорхой шалтгаантай байгаа алба хаагчид түүнийгээ нотолсон баримттай байх ёстой. Гадаадын сургалт, дамжаанд хамрагдаж байгаа бол тодорхойлолт нь бэлэн байх ёстой гэсэн үг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.44.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 23 мин
-
17 цаг 24 мин
-
17 цаг 28 мин
-
18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин