Япон улс шувууны ханиадны улмаас устгасан 17 сая тахиагаа булахад хүндрэл гарчээ
Үйл явдал
/
2023-04-07

Коронавирусийн цар тахлыг даван туулсан Япон улс шувууны ханиад хэмээх өөр нэг тахалтай тэмцэж эхэлжээ. 2022 оны аравдугаар сараас хойш тус улс даяар 17.4 сая тахиа устгасан нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Харин орон нутгийн удирдлагуудад, фермерүүдэд устгасан тахиагаа булах газар олоход хүндрэлтэй байгаа тухай NHK телевиз саяхан мэдээлжээ. Тахиа устгал нь шувууны ханиадны вирус бусад амьтад болон хүмүүст халдварлахаас сэргийлсэн арга хэмжээ юм.

Энэ удаа Японы бүс нутгуудын 60 хувьд шувууны ханиадны халдвар бүртгэгдсэн нь энэ тахал хамгийн өргөн хүрээг хамарсан тохиолдол болжээ. Устгасан тахиаг тааралдсан газартаа булчихдаггүй. Хөрс, ус хордох эрсдэлийг тооцоолох хэрэгтэй болдог байна. Тахиаг олноор устгасан нь өндөгний үнэ огцом өсөхөд хүргэжээ.

Тухайлбал өнөөдөр Токио хотод дундаж хэмжээтэй өндөгний нэг килограмм 350 иен ($2.67) хүрээд байгаа нь жилийн өмнөхөөс 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний улмаас McDonald’s Japan, 7-Eleven зэрэг компаниуд өндөгний орцтой зарим бүтээгдэхүүнийг цэсээсээ хассан байна. Нийтдээ Японы хүнс үйлдвэрлэлийн 100 нээлттэй компанийн 20 орчим хувь өнгөрсөн сард өндөгний орцтой бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийг зогсоосон тухай Teikoku Databank судалгааны компани мэдээлжээ. Шувууны ханиад ганц Япон улсад ч өндөгний хомсдол үүсгээгүй юм. 2022 онд АНУ-д өндөгний үнэ 60 хувиар өссөн нь бас шувууны ханиадтай холбоотой байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.