Хэн ч БОЛОВСРОЛООС ЁСГҮЙ. Гурван үеэрээ СУРГУУЛИЙН ГАДНА ҮЛДЭХ эрхгүй
Үйл явдал
/
2023-04-15

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс нэлээн зайдуу Гурван сайхан хороололд Нармандах охин амьдардаг. Сэтгүүлч миний бие Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийг зорин очиж, хэрэг зорилгоо танилцуулаад, тус төвийн Дүйцсэн хөтөлбөрийн багш Т.Нямжавтай албаны машинаар суралцагч Нармандахын гэрийг зорилоо. Биднийг очиход Нармандах гэрээсээ яаран гарч ирээд, бага зэрэг баруун тал руугаа догонцон алхаж, халуун дулаанаар угтан мэндчилэв. Нямжав багш бид хоёрыг гэрт нь ороход аль хэдийн тавагтай чихрээ бэлдээд ширээн дээрээ тавьжээ. Түүний ээжийг Эрдэнэтөгсийн Оюунчулуун гэдэг. 15 болон 5 настай хоёр охин, ээжийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний ярьж байгаа байдал, биеийн хэлэмж зэргээс ажвал эршүүд маягийн эмэгтэй санагдлаа. Тэрбээр Даланзадгад хотын Захирагчийн ажлын албанд зам шүүрдэгчээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ.

ТЭД 3 ҮЕЭРЭЭ СУРГУУЛЬ ЗАВСАРДЖЭЭ.

Нармандахын эмээ Даваагийн Эрдэнэтөгс гуай өдгөө 65 настай ч ануухан хүн юм. Тэрээр хүү, охин хоёртой. Охиндоо тус нэмэр болохыг хичээн, зээ нараа хараад хамт амьдардаг. Тэрбээр “Зээ охидынхоо хичээлийг зааж өгөхийг боддог ч мэдэхгүй юм их байдаг. Би ч бас өөрөө сургуульд сураагүй хүн шүү дээ. Миний ээж, аав намайг сургуульд сургаагүй юм. Хар ажил хийж явсаар өдий болсон доо. Сургуулийн цэвэрлэгч, үйлчлэгч, галч, тогооч гээд залуу насандаа хийгээгүй хар ажил байхгүй. Хашаа, хороо барихаас авахуулаад эр хүний ажил ч хийж л явлаа. Өөрөө сургуульд сурч боловсроогүй болохоор ач, зээгээ эрдэм боловсролтой хүн болоосой л гэж их хүсэх юм. Тэгж л их захих юм даа” гэсэн юм. Нармандахын ээж Оюунчулуун ч бас бичиг үсгийн боловсролгүй. Тэр зөвхөн гарын үсгээ л зурж чадна. Тийм ч учраас охидоо эрдэм боловсролтой, мэргэжилтэй хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг хэмээн учирлаж байсан юм.

“ХҮСЭХЭД ХЯСНА” ГЭГЧЭЭР ТЭР НЭГЭН ӨВЛИЙН ЦАГААН ЦАСТАЙ ХАР ӨДӨР

Одоогоос 3 жилийн өмнө Оюунчулуун мотоцикл унадаг байжээ. 2018 оны 2-р сарын тэр нэгэн өдөр мотоцикл дээр дөрвүүлээ сундалж яваад, халтиргаатай зам дээр халтирч осол гарчээ. Ингээд хамгийн хойно сууж явсан түүний охин Нармандахын баруун хөл мотоциклийн амаржин, дугуй хоёрын завсар хавчуулагдаж, хүнд гэмтсэн юм. Тэр өдрөөс хойш нийт 4 сарын хугацаанд 4 удаа хагалгаанд орсны эцэст Нармандахын бие овоо тэнхрэв. Ингээд сурч байсан Даланзадгад сумын 4-р сургуулийн захиргаанд хичээлдээ үргэлжлүүлэн явах талаар хандсан боловч  сургуулийн удирдлагын зүгээс “Нармандах угаас уншиж, бичихдээ муу, цаашаа явъя гэхэд өөрөө ч зүтгэл муутай юм чинь бүтэхгүй ш дээ” гэсэн хариу хэлсэн учраас арай гэж 5-р ангийг нь төгсгөөд, сургуулиас нь гаргасан даа хэмээн түүний ээж харамсан ярилаа.

НАРМАНДАХ ОХИНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬДАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ БҮРЭН БОЛОМЖ БАЙВ.

Оюунчулууны Нармандах охин одоо 15 настай. Тэрбээр “Эмнэлэгт байх үе хамгийн муухай байсан. Ангийнхаа хүүхдүүдийг хичээлдээ явж байхыг нь хараад сургуульдаа явмаар л санагддаг байлаа. Би том болоод эмч болохыг хүсдэг. Хүнийг эдгээж, эмчилдэг хүн болно. Өөрөө өвдөх хэцүүг мэдэх учраас эмч болж, хүмүүсийг эмчилж, эдгээхийг хүсдэг” хэмээн ярих нь үнэхээр сэтгэл хөдлөм. Өвчин, зовлон хоёр хэлж ирэх биш дээ гэж бодогдов.

НАРМАНДАХ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ БАЙНА.

Тэрбээр Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад 3 дахь жилдээ суралцаж байна. Одоогоор ангид нь 7 хүүхэд суралцдаг бөгөөд ангийнхаа хамгийн идэвхтэй сурагч нь Нармандах. Даланзадгад суманд ковидын халдвар ихсэж, нөхцөл байдал хүнд байгаа учраас тус төвийн багш Нямжав хөл хорионы үед хүүхдүүддээ цахимаар хичээл заахаас гадна гэрийн эргэлтээр очиж, давтлага өгч, суралцагчдынхаа ахуй амьдралтай нь танилцдаг. 7 хүүхдийн 3 нь цахимаар хичээллэх нөхцөл боломжоор хангагдсан бол үлдсэн 4 хүүхэд нь цахим хичээлд хамрагдах боломжгүй орчин, нөхцөлд амьдардаг гэсэн юм. Тиймээс гэрийн эргэлтээр очих нь илүү үр дүнтэй байдаг гэлээ. Тэрбээр “Миний ажлын хамгийн сайхан тал нь тодорхой шалтгааны улмаас сургуульд сурах боломж нь хязгаарлагдсан хүүхдүүдэд тусалж, цаашид суралцах боломжийг нь нээж өгч байгаа минь юм. 

Хүүхдүүд маань ар гэрийн гачигдлаас, эрүүл мэндийн байдлаас, гэр бүлийн тогтворгүй харилцаанаас гэх мэт олон шалтгааны улмаас сургууль завсардаад манай төвд ирсэн байдаг. Би найз шиг нь байж, энгийн харилцаатай байхыг хүсдэг. Тухайн хүүхдийнхээ итгэлийг олж байж л хичээлд нь дуртай болгоно. Хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой. Нийгмээрээ тухайн хүүхдийн ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг.” гэсэн юм

Намайг багштай ярилцахыг сонсож суусан Нармандахын ээж:

“Энэ багш маань их сайн багш. Танай төвийн хамт олонд болон багш танд баярлалаа. Охин маань өдөрт багштайгаа хэд, хэд ярина. Хичээлээ чөлөөтэй асууна. Бидний зүгээс ч охиндоо анхаарч ухаалаг утас, дараа төлбөрт дугаартай болгож өгсөн. Сард 15 мянган төгрөг төлөөд дата гэдэг зүйл нь их ордог гэсэн. Дутуу болгоныг нь гүйцээх гэж хичээж л явна даа эгч нь. Охидоо мэргэжилтэй болоосой. Ядаж уншиж, бичиж чаддаг болоосой. Ээж шигээ, эмээ шигээ бичиг үсэггүй хүн болох вий л гэж санаа зовох юм даа...” хэмээн цай оочих зуураа ярилаа.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ 779 ИРГЭН БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРЧЭЭ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харвал Өмнөговь аймгийн хүн амын 1.3 хувь буюу 779 иргэн бичиг үсэг тайлагдаагүй байгаа тухай дурьджээ. Харин улсын хэмжээнд 49261 иргэн байгаа гэсэн судалгаа байна.

Д.ТУНГАЛАГ: ХУДЛАА ТООНД ХУУРТАГДСААР 2030 ОН ХҮРГЭЖ БОЛМООРГҮЙ БАЙНА

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг энэ талаар ярихдаа:

“Манайх бусад хөгжил ижил улс орнуудтай харьцуулахад бага боловсролд хамрагдалт 95-98 хувьтай байна гэсэн маш өндөр тоо байдаг. Цаана нь үлдсэн 2-5 хувь хэн бэ? Тэдэнд боловсрол эзэмшихэд ямар саад тотгор тулгараад байгаа юм бэ? гэдгийг олж тогтоох нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгын 4 дэх нь буюу Чанартай боловсролыг дэмжих зорилгын өмнө манай Засгийн газрын хүлээсэн нэг том үүрэг юм. Ерөнхий 95-98 хувь гэсэн тоонд хууртагдаад явж болохгүй. Худлаа тоонд хууртагдсаар яваад 2030 он хүрч болмооргүй байна л даа. Боловсрол дахь тэгш бус  байдал бидний нүдэнд маш амархан харагдаж байгаа. Хотын төвийн сургуулийн чанар, хотын захынх, аймгийн төвийнх, сумын сургуулийн чанар. Ерөөсөө л ийм шат болчихсон. Гарч байгаа үр дүнгийнх  нь хувьд ч тэгш бус байдал байна гэдгийг бид нар судалсан. Тэгээд үүний суурь шалтгааныг харахаар тухайн хүүхдийн буруу биш шүү дээ, тухайн гэр бүлийн буруу биш шүү дээ. Сумын төвд амьдарч байгаа нь тэр хүний буруу биш шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй төрсөн нь тэр хүүхдийн буруу биш шүү дээ. Харин төр яагаад өнөөдөр адилхан хандах биш, тэгш хандах бодлогоо хэрэгжүүлэхгүй харин ч бүр эсрэгээрээ тэгш бус байдлыг гүнзгийрүүлэх бодлого хэрэгжүүлсэн байна, төсөв хуваарилж байна гэдгийг бид нар судалгаагаар гаргаж ирсэн. Тэрийг дахиад МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс хийсэн Боловсролын салбарын санхүүжилтийн тойм судалгаагаар баталж гаргаж ирсэн. Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хүрэхгүй байгаа улсын төсвөө нэмж өгдөг нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байгаа төрийн бодлого юм.” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 17 ЗОРИЛГЫН 4 ДҮГЭЭРТ ЗААСАН “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ” ЗОРИЛГО БОЛ ХҮН БҮРД ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ТЭГШ ХҮРГЭХ, БҮХ НИЙТИЙН НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ ОЙЛГОЛТ ЮМ.

“Улс орнуудын гол хөрөнгө оруулалт ихэнхдээ нүдэнд харагдах томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү чиглэдэг. Харин хамгийн том “дэд бүтэц” болох хүн амынхаа боловсролд анхаарал хандуулахаа бид мартдаг” гэж Тунисийн сайд асан Амел Карбоур TEDx-т дэлхийн боловсролын чиг хандлагын талаар тавьсан илтгэлдээ дурдаж байв.

Харин Монгол улсын Засгийн газраас баталсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” баримт бичигт 4/5 нь эдийн засгийн зорилт, 1/5 нь дотроо хуваагдаад нийгэм, байгаль орчны зорилт байгаа  талаар иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь дэлхийн чиг хандлага Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэхэд “БОЛОВСРОЛ” гол түлхүүр зорилго нь байх болно хэмээн үзэх болсныг иргэний нийгмийн байгууллагууд уриалж, анхааруулсаар байгааг дахин сануулъя.

ХЭН Ч БОЛОВСРОЛООС ХОЦРОХ ЁСГҮЙ. ГУРВАН ҮЕЭРЭЭ СУРГУУЛИЙН ГАДНА ҮЛДЭХ БҮР Ч ЁСГҮЙ.

Боловсрол нийгмийн ялгаатай байдлыг үүсгэдэг, тусгаарлалтыг бий болгодог хэрэгсэл биш юм. Боловсрол бол нийтийн өмч. Бидний хамтдаа үүрэх хариуцлага билээ. 2030 он хүрэхэд 9 жил ч хүрэхгүй хугацаа үлджээ... Бидэнд тоо чухал уу? Чанар чухал уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.