Оросын эрх баригчид Умард Солонгостой зэвсгээр хүнсний бүтээгдэхүүн солилцох боломжийг ярилцаж байгаа талаар баримт олж авснаа АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордноос мэдээлжээ. “Оросын тавьсан саналыг хүлээж авбал Умард Солонгос хорь гаруй төрлийн сум, зэвсэг хэрэгсэл нийлүүлэхээр байна. Оросын тал Умард Солонгост төлөөлөгчдөө илгээж, зэр зэвсгийг хүнсээр наймаалцах тохиролцоо хийх гэж байгааг бид олж мэдлээ” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Вашингтоны засаг захиргаа өмнө нь Москвагийн эрх баригчид Иранаас дрон худалдаж авах гэж байгаа талаар тагнуулын мэдээллийг нийтэд дэлгэсэн нь сүүлд батлагдсан юм. Мөн Умард Солонгосоос илгээсэн зэр зэвсгийг Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер компани хүлээж авсан тухай өнгөрсөн оны сүүлээр мэдээлж байлаа. Умард Солонгосын хүн ам одоо өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байгаа гэж ажиглагчид үздэг. Ким Жон Уны засаглалын 11 жилийн хугацаанд байгаагүй ноцтой хоол хүнсний хомсдол үүссэн гэж тэд дүгнэж байна.
Энэ сарын эхээр Пёньяны төв хэвлэлд Ким Жон Ун хөдөө аж ахуйн салбарт төрийн хараа хяналтыг чангатгаж, үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах болсон тухай мэдээлж байв. Өчигдөр бас АНУ-ын сангийн яам Словак улсын иргэн Ашот Мкртычев гэгчийг Москва, Пёньяны хоорондын зэвсгийн наймаанд зуучлахыг завдсан шалтгаанаар эдийн засгийн хоригт нэмснээ зарласан юм. “Орос улс дайн эхэлснээс хойш 9,000 гаруй байлдааны хүнд зэвсэг техникээ алдсан бөгөөд тэдгээрийг засаж сэлбэх, нөхөх Путиний төлөвлөгөөнд манай эдийн засгийн хориг, экспортын хяналт саад болж байгаа. Энэхүү хувь хүний зэвсэг зуучлах оролдлого нь Путиний эцсийн найдвар Иран, Умард Солонгос зэрэг улсууд болсныг батлан харуулж байна” гэж АНУ-ын сангийн сайд Жанет Йелений мэдэгдэлд өгүүлжээ.
Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-тай хамгийн ойр харилцаатай байгаа улсуудын нэг Умард Солонгос юм. Украинаас салан тусгаарлагдсан Донецк, Луганскийн тоглоомын улсуудыг зөвхөн Орос, Сири, Умард Солонгос гурван улс хүлээн зөвшөөрөөд байгаа.
-
15 цаг 11 мин
-
15 цаг 12 мин
-
15 цаг 16 мин
-
16 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин