Г.САЙХАНБАЯР: Цэргийн сэтгүүлч нар бол энэ салбарынхаа нүүр царай нь юм
Үйл явдал
/
2023-04-18
Батлан хамгаалах яамнаас Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран цэргийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, “Соёмбо” редакцын бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд Хэвлэлийн хүрээлэнгийн сургагч багш Б.Туул, Б.Мөнгөнзаяа, Т.Есөн-Эрдэнэ нар “Олон нийт гэж хэн бэ”, “PR-ийн тухай ойлголт”, “Хэвлэлийн мэдээ, орчин үеийн загвар, бүтэц”, “Сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь”, “Сошиал медиад зориулсан сонирхолтой, үр нөлөөтэй баннер, пост бэлтгэх аргууд”, “Гар утсаар бичлэг хийх, контент бэлтгэх нь” сэдвээр мэдээлэл өгч, бүлгээр дадлага ажил гүйцэтгүүлсэн юм.
Тухайлбал, Б.Туул багш сургалтынхаа эхэнд “Аливаа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, таниулахад хэвлэлийн төлөөлөгч, салбарын сэтгүүлч нарын үүрэг асар их. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил цэргийн сэтгүүлчид та бүхний нуруун дээр яваа гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ олон нийтэд салбарынхаа мэдээ мэдээллийг илүү хүртээмжтэй, зөв оновчтой хүргэхийн тулд цэргийн сэтгүүлчдээ улам чадавхжуулах ёстой гээд өнөөдрийн сургалтыг зохион байгуулах санал тавьсан Батлан хамгаалах яамныханд талархал илэрхийлье” гээд байгууллагын сурталчилгаа, мэдээллийн эх сурвалж, хэвлэлийн мэдээ болон хэвлэлийн бага хурал бэлтгэж зохион байгуулах дарааллын талаар ярилаа.
Тэрээр салбарын сурталчилгаа гэдэг зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хамтран ажилладаг байгууллага, иргэд, залууст эерэг сэтгэгдэл төрүүлсэн контентууд ч энэ салбарыг сурталчилж чаддаг. Үүнийг соргогоор мэдэрч, салбарынхаа мэдээлэлтэйгээ зэрэгцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Хэвлэлийн бага хурал гэдэг бусдад итгэл үнэмшил төрүүлэх, албан ёсны байр сууриа илэрхийлэх гол “тайз” учраас төрийн байгууллагууд үүнийг ашиглаж байх нь зөв. Ямар нэгэн асуудалд хариу өгөхгүй чимээгүй байх нь олон нийтэд алдаагаа хүлээн зөвшөөрчээ гэж ойлгогддог учир хэвлэлийн бага хурал хамгийн оновчтой шийдвэр” гэж онцоллоо.Үүний дараа Б.Мөнгөнзаяа, Т.Есөн-Эрдэнэ нар ярилцагчтайгаа хэрхэн харилцах, сэдэв өнцгөө хэрхэн барих, түүнийг гоо сайхныг хөндөөгүй, өөрийнх нь зөвшөөрөлтэй гэрэл зургийг ашиглах ёстойг дурдаж, сэтгүүлч хүн алхам тутамдаа ёс зүйтэй байх бичигдээгүй хууль үйлчилж байдгийг тодотголоо.
Мөн сошиал медиагаар дамжуулан цэрэг дайчдаа хэрхэн сурталчлах, богино хэмжээний дүрс бичлэг, контентыг гар утсаар яаж бэлтгэхийг дадлага ажлаар гүйцэтгүүлж, сургав.
Сургалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар уулзаж, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд олон нийтээс өгөх үнэлгээ, дүгнэлт нь та бүхний ажил үйлсээр илэрч байдаг онцлогтой. Тийм ч учраас ажил авсан даруйдаа “Соёмбо” сонин, “Дуулга” телестудийг нэгтгэж “Соёмбо” редакц гэсэн нэгдсэн бүтцэд оруулж, зарим төрлийн техник тоног төхөөрөмжөөр хангасан. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ. Тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна цэргийн сурвалжлагч, зураглаач, бусад мэргэжилтнүүдийг чадавхжуулж хөгжүүлэх болоод нийгмийн хамгааллын талд нь ч анхаарна. Энэ төрлийн сургалтыг тогтмол зохион байгуулж байх нь зөв юм. Хамгийн гол нь цэргийн сурвалжлагч гэдэг салбарынхаа нүүр царай, илэрхийлэл болж байдгийг ямагт санаж, ёс зүй, сахилга бат, биеэ авч явах соёл, мэдлэг чадвараараа үргэлж манлайлагч байхад онцгой анхаар. Орчин үеийн өөрчлөлт хөгжилттэй хөл нийлүүлж, залуусын сонирхлыг татсан, цэргийн албыг сурталчилсан нийтлэл, нэвтрүүлэг бүтээх ажлаа улам эрчимжүүл. Та бүхний ажил албыг удирдлагын зүгээс үргэлж дэмжих болно” гээд сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд сертификат гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.