Монголын явган алхалтын холбооны гишүүд алхалтын талаар нөхөрсөг зөвлөгөө өгчээ
Үйл явдал
/
2023-04-20

"Цахилгаан шат уу? Эрүүл мэндийн явган шат уу?" алхалтын зөвлөгөө өгөх өдрийг зохион байгууллаа.

Орон даяар "Цаг гаргая" үндэсний арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын явган алхалтын холбооны гишүүд сайн дурын, сонирхолтой хөтөлбөрийг өчигдөр хэрэгжүүллээ. Тэд цахилгаан шат хүлээж буй иргэдэд зориулж явган алхалтын ач холбогдлын талаар товч мэдээлэл, нөхөрсөг зөвлөгөө өгсөн байна.

Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд оффис, орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр зочилжээ. Иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгснөөр явган алхах сэдэл өгсөнд хүн бүр таатай хандсан байна.

Оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдөрт дунджаар 10-15 минутыг цахилгаан шат хүлээх, зорчиход зориулдаг гэсэн судалгаа байдаг. Мөн оффисын ажилчид ихэнх цагаа компьютерийн өмнө ажиллаж, хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг. Үүнээс улбаалж хөдөлгөөний дутагдалд орох, хүзүү чилэх, нуруу хөших, гар бадайрах, суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний хомсдлын улмаас олон төрлийн өвчинд нэрвэгдэж болох суур бүрддэг.

Ажлын байранд хамгийн энгийн, хялбар төдийгүй дасгал хөдөлгөөнийг дэмжих арга бол цахилгаан шатнаас аль болох татгалзаж, явган шат ашиглах юм.

Энэ дадлыг бага багаар бүрдүүлэх чухал юм.

May be an image of 2 people

Алхалтыг дэмжих 2х2 дүрэм: Бид дээшээ хоёр давхар өгсөх эсвэл доошоо хоёр шат буух бол лифт хүлээж цагаа үрэхийн оронд явган шатыг ашиглах нь эрүүл мэндэд тустай.

Эрүүл мэнддээ ч, экологи, эрчим хүчинд ч хэрэгтэй сонголт болно.

Цахилгаан шат хүлээх, зорчих цагийг идэвхтэй дасгал хөдөлгөөн болгож, явган алхахад зориулцгаая.

Хүний биеийн булчингийн 93 хувийг явган алхсанаар ажиллуулж, цусны эргэлтийг сайжруулж, ажлын бүтээмжээ нэмж, бүтээлч сэтгэлгээгээ өсгөж, бухимдлаа арилгах гээд олон давуу талуудтай.

Алхах нь хэнийг ч нас, хүйс, ур чадвар, чадал чансаа, ажил эрхлэлт, мэргэшил мэргэжлээр нь үл ялгаварлан, нэгтгэж чаддаг хүчирхэг үйлдэл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.