“БИД МАНЛАЙЛАГЧ” зөвлөгөөн хугацаат цэргийн алба хаагчдаар үргэлжиллээ
Үйл явдал
/
2023-04-25
Өмнөд бүсийн Зэвсэгт хүчний анги, салбаруудын офицер, ахлагч нарын “Бид манлайлагч” зөвлөгөөн, хэлэлцүүлэг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг түшиглэн амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд оролцогчид сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хувь хүний ёс зүй, манлайлал, хандлагыг төгөлдөржүүлэх, цэргийн үнэт зүйлс, бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд ямар үүрэг их хариуцлагыг хүлээж байдаг талаар номын дуу сонсож, бүлгээр дасгал ажил гүйцэтгэж, төгсгөлд нь гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр өрсөлдсөн юм. Тэмцээний тэргүүн байрт Зэвсэгт хүчний 167, дэд байрт Зэвсэгт хүчний 256, гутгаар байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн баг тамирчид шалгарч, шагнагдав.
“Бид манлайлагч” зөвлөгөөн хоёр дахь өдрөө буюу 4 дүгээр сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын оролцоогоор үргэлжиллээ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас зарласан “Залуу офицер, ахлагчийн манлайллын жил”-тэй уялдуулж зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнөөр хугацаат цэргийн алба хаагчдад “Эр хүн байхын учир”, “Цэргийн алба-Эрх зүйн ухамсар”, “Цэргийн тангараг таны насан туршийн андгай” зэрэг цэргийн алба болоод хувь хүний хүмүүжил, төлөвшил талд нь сургамж өгөх хичээл сургалт, уулзалт ярилцлагыг явуулсан юм.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва хугацаат цэргийн алба хаагчдад хэлэхдээ “Жүжигчин гэдэг зөвхөн дэлгэц, тайзнаа жүжиглээд байх бус ард түмнийг соён гэгээрүүлэх их үйлсийн төлөө зүтгэдэг онцлогтой мэргэжил. Өнөөдөр Монгол Улсын ирээдүйг авч явах золбоо хийморьтой цэрэг эрстэйгээ уулзаж, өөрийн өчүүхэн туршлага сургамжаа ярьж байгаадаа баяртай байна. Та бүхэн халагдаад аав болно, бүсгүй хүний хань болно” гээд аав, ээжийгээ энэрэх, ахан дүүсээ хүндэтгэх, хань ижлээ зөв сонгож, хайраар дутаалгүй авч явах үүрэг хариуцлага эр хүн бүрт байдгийг онцоллоо.
“Эр хүн гэдэг байгалийн өгөгдлөөрөө ч тэр гэр орон, улс орноо авч явахаас бус залхуурч, хойш сууна гэж яав ч байж таарахгүй зүйл. Та нар харин эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, үнэ цэнтэй, бахархал дүүрэн нэг жилийг өнгөрүүлж байгаа нь цэргийн албанд ирээгүй үеийнхээ залуусаас ухамсар, хүмүүжлээрээ хавь илүү гэдгийг нь илтгэж байгаа юм. Та нараар би бахархаж байна” гээд хариуцлагатай эр хүний тухай яриа өрнүүллээ.
Мөн Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нийгмийн хөгжлөө дагаад хугацаат цэргийн алба хаангаа өөрийгөө хөгжүүлэх, суралцах олон боломжууд байдгийг тодотгож, түрүүч, байлдагч нарын санал сэтгэгдлийг сонсож, харилцан ярилцав.
Арга хэмжээний төгсгөлд ЦДБЭЧ-ын “Military Band” хамтлаг болон Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн авьяаслаг түрүүч, байлдагч нар урлагийн тоглолт толилуулснаар “Бид манлайлагч” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.