Н.УЧРРАЛ: Нийслэлийн засаг дарга нарын олгосон газрын талаарх мэдээллийг ил тод болголоо
Үйл явдал
/
2023-05-16
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ

Тэрбээр "Газар олголтын мэдээллийг ил тод болгохыг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Түүх бол түүх. Баримт бол баримт. Ил тод мэдээлэлд аль нэг нам, улс төрийн өнцгөөс алагчлах боломж байхгүй. 20 жилийн түүхэнд үе, үеийн Засаг дарга нарын гарын үсэг байна. Тиймээс Засгийн газрын шилэн ажиллагааны дагуу, Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу нийтэд мэдээлэх үүргээ биелүүлж байна. Улмаар Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо. Газар олгосон, сунгасан, шилжүүлсэн мэдээллийг ил болголоо.

Үүнд:

Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954

Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329

Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525

Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна.

Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тухайн сайтад тодорхой байгаа.

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна. Нийслэлийн хувьд 20 жилийн 36,000 гаруй захирамжийг ил болгож байна. Шилэн индексийн хувьд, өнгөрсөн хугацаанд аймгуудын мэдээлэл нэмэгдсэн. Ховд аймаг нээлттэй байгаа бол Говь-Алтай аймгийнх хаалттай хэвээр байна. Яам, агентлагууд ч мэдээллээр хангаж байна. Харин дүүргийн удирдлагууд ил, тод мэдээлэлд хойрго хандаж байна. Дүүргүүдийн Засаг дарга нарын газар олгосон мэдээллийг ирэх сарын 1-нээс өмнө олон нийтэд ил тод болгоно" хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.91.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.