Дундговь аймгийн Хулд сумын сурагчид геологийн шинжлэх ухаанд суралцсанаа бататгалаа
Үйл явдал
/
2023-05-17

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон бусад хамтрагч байгууллага, оролцогч талууд хамтран геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг энэ оноос эхлэн Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай сумдад хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Дундговь аймгийн Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Баянзөв, Б.Саруулсайхан багштай 9 дүгээр ангийн хамт олон, ШУТИС-ийн ГУУС-ийн дэд профессор, доктор Г.Сэрсмаа, дэд профессор, доктор С.Хишигсүрэн, “Триктек” ХХК-ийн ерөнхий геологич Н.Баянмөнх болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл 5 дугаар сарын 12-ны өдөр “Эх түүхийн жимээр” уриан дор Хулд сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай танилцаж, хээрийн дадлага хийлээ.

Сурагчдад байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгалт газар, геологийн тогтцыг геологийн шинжлэх ухаан талаас нь тайлбарлаж таниулах, мэргэжил сонгоход нь зөвлөгөө өгөхөөс гадна салбарын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчид сумын ойролцоох газруудад богино хэмжээний маршрут хийж, топографын зураг дээр байршлаа тодорхойлох,  эрдэс чулуулгийг таних, байрлалын элемент хэмжих зэрэг чадваруудад суралцсан юм.

Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын мэдлэг, авьяас чадварыг дэмжин ажилладаг Хулд сумын удирдлага, ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.43.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.