Баянзүрх дүүргийн айл өрхүүдийг хашаандаа мод тарихыг уриалж байна
Үйл явдал
/
2023-05-19
Баянзүрх дүүргийн хэмжээнд мод тарих нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Энэ хүрээнд дүүргийн удирдлагууд харьяа, алба хэлтсүүдтэй хамтран сонгогдсон хорооны нэг гудамжийг сонгож айл бүрийг моджуулах нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-тай хамтран 28 дугаар хорооны айл өрхүүдэд таван төрлийн 500 модыг тарихаар болсон. Энэ ажлын нээлт болгож айл өрхүүдэд модыг нь гардуулж, төлөөлөл болгон нэг айлд модноос нь тарилцсан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Баянзүрх дүүргийн хэмжээнд өмнөх жилүүдэд Баянзүрх хайрхандаа мод тарьдаг байсан бол энэ жилээс илүү арчилгаанд нь анхаарахаар болсон. Мод тарьж, амжилттай ургуулахын тулд эхлээд мод тарьж буй газраа хашаалах шаардлагатай байдаг юм байна. Тийм ч учраас цаашид гэр хорооллоор хөгжих хороодод жишиг гудамжнуудыг бий болгож, мод тарьснаар Нийслэлийн хэмжээнд жишиг болно” хэмээн хэлсэн юм.
Энэ үеэр 28 дугаар хорооны хашаандаа олон жил мод тарьсан ахмадууд хүрэлцэн ирж туршлага хуваалцсан бөгөөд цаашид мод тарьж ургуулах талаар зөвлөгөө өгч, анхлан мод тарьж ургуулж байгаа айл өрхүүдэд туршлагаасаа хуваалцана гэдгээ илэрхийллээ. Мод ургуулахад хөрс, агаар, ус хамгийн чухал байдаг учраас худгийг боломжтой байршилд нэмж байгуулах шаардлагатай гэдгийг ч хэлсэн.
Цаашид дүүргийн айл өрх бүр хашаандаа, зуслангийн газартаа мод тарьж ногоон орчныг бий болгохыг энэхүү аянаар дамжуулан уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.