Малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон 27 иргэнийг эрэн хайж байна
Үйл явдал
/
2023-05-20
Хүчтэй шуурганы улмаас малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

Тодруулбал, Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн Хэнтий аймгийн нутгаар, 11:00 цагаас эхлэн Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан шуурга шуурч байна.

Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо, Галшар, Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр, Дарьганга сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байна.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдад 26, нийт 27 хүн малдаа явж байгаад төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газруудад ирүүлсэн.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгүүд, орон нутгийн захиргааны байгууллагууд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа нь хүндрэл учруулж байна.

Түүнчлэн хүчтэй салхины улмаас Дорнод аймгийн Хэрлэн суманд амины орон сууцны нэг байшингийн дээвэр хууларсан.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө буюу 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн зүүн хэсэг, Сүхбаатар аймгийн зүүн хойд хэсгээр үргэлжлэн цасаар шуурах бөгөөд салхины хурд 7-12 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд дараах зүйлсийг анхаарна уу.

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
  • Зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.