Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо
Үйл явдал
/
2023-05-23
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.05.22/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
“Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэв.
“Сэлбэ сэргэлт” төслийн ажлын хэсэг хуралдаж, Сэлбэ голын дагуу хийгдэх 6 эгнээ автомашины болон нийтийн тээврийн зориулалттай зам, явган, дугуйтай хүний зорчих 42.6км урттай замын чигийг эцэслэн тогтоон, 500 м өргөнтэй зурвасаар агаарын зураг авалт, хээрийн хэмжилт, судалгааг хийж, М 1:500 маштабтайгаар байр зүйн дэвсгэр зургийг хүлээж авав. Мөн Сэлбэ голын 13 хөндлүүрт гидрометрийн хэмжилт 24 цагаар хийн, голын дагууд 93 байршилд голын ёроолын болон эргийн хурдасны дээжүүдийг авсан ба инженер геологийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Шинээр угсарсан лифт, эскалаторын техникийн аюулгүй байдалд магадлан баталгаажилт хийж, 128 заалт бүхий 16 албан шаардлага, 7 дүгнэлтийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэв.
Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний технологиор тэргүүлдэг улс орнуудын цэвэрлэгээний технологийг судлаж, Монгол улсад тохирох технологиудыг танилцуулав.
“Солонго 1, 2 орон сууцны хороолол барих” төслийн тендерийн санхүүгийн саналыг нээж, үнэлгээний тайланг хянуулахаар БНСУ-ын Экспорт-Импортын банканд хүргүүлэв.
“Газрын тос дамжуулах хоолойн чиг, чигийн дагуух зурвас” газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч нэгтгэн, ЗГХЭГ-т хүргүүлэв.
Батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах зориулалтаар зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлалыг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Төслийн нэгжүүдийн хувьд төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг нэгжийн удирдлагууд мэдээлэв.
Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө"-г эцэслэх, зөвлөх үйлчилгээ авах ажил удаашралтай байгааг анхааруулж, тус баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх;
- Ипотекийн зээлийн санхүүжилтийг ЗГ-т шилжүүлэхтэй холбоотой ажлыг эрчимжүүлэх;
- Гэр хорооллын хэсэгчилсэн инженерийн дэд бүтцэд сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл дээр Европын сэргээн босголтын банктай хамтран ажиллах хэлэлцээрийг шуурхайлах;
- Барилгын тухай хууль болон Орон сууцны тухай хуулийн төслүүдийг нарийвчлан танилцуулж, өргөн барихад бэлдэх;
- Норм, нормативын сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан болон зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэгдэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.