Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар гүйцэтгэх хамтын ажиллагааг эхлүүллээ
Үйл явдал
/
2023-05-18

Геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Xcalibur компанийн гүйцэтгэх захирал Андрес Блэнко тэргүүтэй төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, хамтран ажиллах боломжуудыг судалж байна.

Канад Улсад болсон PDAC 2023 арга хэмжээний үеэр тус компанийн төлөөлөлтэй салбар яамны төлөөлөл уулзаж, харилцан хамтран ажиллах талаар хэлэлцэж, манай улсад айлчлахыг урьсан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар зочдыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.  

Салбар яамны зүгээс орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар агаарын геофизикийн судалгааг нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгт хийх зорилттой байгаагаа танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцлаа.

Айлчлалын хоёр өдрийн хүрээнд зочдыг Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзуулж, хамтын ажиллагааны талаар мөн уул уурхайн салбарын судалгаа, эрэл, хайгуулын төслүүдтэй танилцуулж, туршлага солилцож байна.

Xcalibur нь ашигт малтмалын суурь судалгааны ажлыг агаарын геофизикийн аргаар маш богино хугацаанд, сүүлийн үеийн тоноглол бүхий нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглан гүйцэтгэж, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг компани юм. Дэлхийн 13 улсад салбартай бөгөөд АНУ, Австрали, Япон, Саудын Араб, Гана, Нигери, Колумби, Уганда зэрэг улсуудад урт, богино хугацааны судалгааны ажлуудыг Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулагчидтай хамтран гүйцэтгэж байсан туршлагатай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.