"Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт” форум боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-06-06
Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ “Барилга байгууламжийн чанарын зөвлөгөөн-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 4 салбар форумыг зохион байгуулж байгаа билээ.
 
Өнөөдөр /2023.06.02/-ны өдөр БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ПАСПОРТЖУУЛАЛТ” форумыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа.
 
Форумд төрийн болон төрийн бус 15 байгууллага, салбарын 30 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцов.
 
Форумыг нээж Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрбээр: Улс орныхоо нүүр өнгө царай болсон олон бүтээн байгуулалтыг бид хийж бүтээж, сүндэрлүүлж чадсан билээ. Өнөөдөр ч гэсэн энэхүү бүтээн байгуулалтын буухиа үргэлжилсээр байна. Тухайлбал: Барилга, хот байгуулалтын яамны зүгээс томоохон төсөл хөтөлбөрүүд болох Хөшигийн хөндий, Хархорумд шинэ хот байгуулах, Сэлбэ сэргэлт, хүүхэд залуучуудад зориулсан дэлхийн хэмжээний спорт цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллыг үе шаттай орон сууцжуулах ажлуудыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Бид бүтээн байгуулалт, барилгын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхаарах, барилга байгууламжийн чанар аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай юм.
 
Улаанбаатар хот орчимд 2022 онд 1047, 2023 оны эхний улирлын байдлаар 681 газар хөдлөлт болсон нь энэхүү төрлийн гамшгийн эрсдэл нь томоохон эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байгаа үед энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэж үзэж байна.
 
Бүгд найрамдах Турк Улс, Сири улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас 31,643 хүн амиа алдаж, 80,278 хүн гэмтэж, 6444 барилга нурсан маш харамсалтай үйл явдал болсон нь газар хөдлөлтийн эрсдэл ямар хэмжээний хохирол дагуулахыг сануулахын хамт манай улс газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлд бэлэн үү гэдгийг бидэнд сануулсан том сургамж боллоо. Түүнчлэн манай Хөвсгөл аймагт хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөлт боллоо.
 
Барилгын салбарынханы хамгийн гол үүрэг хариуцлага бол барилга байгууламжийг хүн ардынхаа эрүүл, аюулгүй амьдрах орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, чанар стандарт, норм, нормативын баримт бичгийн дагуу хийж гүйцэтгэх явдал. Гэтэл ашиглалтын үед үндсэн зориулалт, хийцийг өөрчлөх явдал түгээмэл гарч байна. Үүнийг хориглох зэргээр томоохон бодлогын шийдвэрүүд гаргах цаг болжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд туссан барилгын чанар, стандарттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 
Салбарын яамны зүгээс Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Байнгын ажиллагаатай дэд зөвлөлтэй хамтарч Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн нэгдсэн судалгааг гаргасан. Судалгааны дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын байнгын хороо, Засгийн газарт тус тус танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан үе шат дараатайгаар судалгааны үр дүнг хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Барилга, хот байгуулалтын яамнаас Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот болон түүний дагуул дүүрэг, 12 аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг 2018 онд, Монгол Улсын ерөнхий мужлалын зураглалыг 2019 онд тус тус бүрэн хийж дуусган холбогдох норм дүрмүүдэд өөрчлөлт оруулан олон нийтэд даган мөрдүүлж биелэлтийг хангуулан ажиллаж байна.
 
Зураглал хийгдээгүй үлдсэн аймгуудаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөж байна. Үлдсэн аймгуудын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг боловсруулах шаардлагатай санхүүжилтийн асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
Улаанбаатар хотын 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламжид газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж, паспортжуулсан үйл ажиллагааны үр дүнгээс харахад 944 барилгаас газар хөдлөлтөд тэсвэргүй 543 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үр дүн гарсан байгаа нь төр засгийн хэмжээнд дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг илтгэж байна гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.99.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.