ҮХОӨ/ ТББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-05

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.05.05/ дахин хуралдаж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулан байгуулахаар тусгажээ. Ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн  Ш.Адьшаа, Ж.Батсуурь Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг холбогдох хуульд заасан хугацаанд багтаан хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгахаар тусгасан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт болон Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, ажилд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, холбогдох зардлыг гаргахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг харьяалах засаг захиргааны нутаг дэвсгэрийн хариуцан зохион байгуулж ажиллахыг холбогдох Засаг дарга нарт үүрэг болгохоор тусгажээ. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.