ҮХӨО/ Говь-Алтай, Төв, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий, Булган аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, саналыг авав
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-12

1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дундажаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон бөгөөд ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-аас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгасан юм. Улсын Их Хурал төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар Булган аймгийн иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамж, шийдвэрээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар ажлын албаны хамтаар Булган аймгийн Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Орхон, Хутаг-Өндөр, Хангал сумдад ажиллаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон өөрчлөлт хийх хүчин зүйл, ач холбогдлын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа. 

Төсөлд танилцуулагдснаар иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон Монгол Улсын хүн ам, газар нутгийн байдал, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан нэмэгдүүлэхээр, мөн нийт гишүүдийн тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг өгч уулзалтад ирсэн иргэд дээрх хэлэлцүүлэг мэдээлэлтэй холбогдуулан өөрсдийн байр суурь саналаа илэрхийлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын албан томилолт энэ сарын 12-ны өдөр Булган аймгийн Хялганат тосгон, Сэлэнгэ суманд ажилласнаар өндөрлөнө. 

Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт УИХ-ын гишүүд ажиллаж байна

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэдийн олонх нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг, тэр дундаа холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэдэг саналыг илэрхийлж байсан юм. Мөн гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв боловч 152 гэдэг тооны хувьд зөрүүтэй саналтай байгаагаа илэрхийлэн санал бодлоо хэллээ. Тухайлбал, 17 дугаар хорооны иргэн, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Н.Махбариад “Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна. Гэхдээ 152 биш 102 болгож өөрчлөх, нийгмийн бүлгийн төлөөллийн хувиар тээвэрчдийн төлөөллийг парламентад оруулах шаардлагатай байна. Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу малчдын асуудлыг шийдүүлдэг байсан. Одоо тээвэрчдын төлөөлөл орж ирэх хэрэгтэй байна “ гэсэн юм. Тус дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Дамиран холимог тогтолцоог дэмжиж байгаа гэсэн бол 25 дугаар хорооны өндөр настан н.Үржин төслийн талаар сайн сурталчилгааг хүртээмжтэй болгох саналыг хэлжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар тойрогтоо буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж, иргэд, сонгогчдодоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийх шалтгаан болоод ач холбогдолын талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж 1000 гаруй иргэд оролцжээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх мэдээллийг танилцуулж, Баянзүрх дүүргийн иргэдийн саналыг авсан байна.

Иргэдийн олонх нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин гишүүдийн тоог 152 болгохын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Улсын Их Хуралд нэр дэвшигчдэд хатуу шалгуур тавих, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдогсдыг дахин дэвшүүлэхгүй байх тухайд улс төрийн намууд анхаарах ёстойг хэлж байв. Зарим иргэн парламентын төлөөлөх чадварыг сайжруулах нь зөв, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг нэмэх шаардлагатай тул гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байна гэдгийг хэлсэн. Хуулийн төсөлд тусгагдсан 152 мандат бол дээд хязгаар биш гэж иргэд ойлгож байгаа бөгөөд 152 гэлгүйгээр 120, 108 гэдэг юм уу дундажаар авч үзэх ёстой. Олон болгоход татгалзах зүйлгүй ч тэр хэрээрээ хариуцлагын тогтолцоог маш сайн боловсруулж, эгүүлэн татах нөхцөлийг тодорхой болгох, ёс зүйн асуудлыг өндрөөр авч үзэж, иргэдээ төлөөлөх чадварыг бодолцох учиртайг хэлж байлаа. Сонгогчдын мандатыг аймаг, нийслэл, дүүргийн хүн амын тооотой уялдуулан тойрог болгон дээр харилцан адилгүй байхаар төлөөлөл оруулах саналыг мөн хэлсэн. Ялангуяа нэр дэвшин сонгогдож байгаа хүмүүс нийгмийн бүлгүүд болон салбар салбарын хүмүүс байх ёстой. Эмэгтэйчүүдээ түлхүү гаргах хэрэгтэй гэдэг саналыг мөн хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Сагсай сумын иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулсан бол үргэлжлүүлэн Улаанхус суманд ажиллажээ.

Улаанхус сумын ард иргэдэд улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж санал, шүүмжийг нь сонссон байна. Иргэд төслийн талаарх мэдээллийг анхааралтай сонсож, санал бодлоо ч илэн далангүй илэрхийлжээ. Зарим нь гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэсэн бол цаг үетэйгээ хөл нийлүүлж гишүүдийн тоог нэмж болох ч 152 гэдэг тоо их байна гэсэн саналыг цөөнгүй иргэн илэрхийлсэн байна.

Х.Баделхан гишүүн Цэнгэл суманд мөн ажиллаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулан, саналыг нь авсан байна. Цэнгэл сумын иргэд Баян-Өлгий аймгийн хүн амын тоо, иргэдийн үзэл бодлыг төлөөллийн байгууллагаараа дамжуулан хүргэхийн тулд мандатын тоог нэмж гишүүдийн тоог 120 болгохыг дэмжиж байгаа гэжээ.

Өмнөговь аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар саналаа илэрхийлэв

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Цогт-Овоо, Цогтцэций, Баяндалай сумын иргэдэд танилцуулж, төсөл дэх өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага, үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Үүний зэрэгцээ иргэд, малчдын санал хүсэлт, үзэл бодлыг сонсож, холбогдох байгууллагуудад уламжлахаар тэмдэглэл хөтөлж ажиллалаа.

Төв аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулжээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Төв аймагт ажиллаж байна.

Тэрбээр Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, Баян сумын иргэдтэй уулзан, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон Улсын Их Хурлын хэлэлцэж байгаа хуулиудын талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ач холбогдолтойг Ж.Батжаргал гишүүн дэлгэрэнгүй тайлбарласан байна. Түүнчлэн сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгаж, баталгаажуулснаар Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтойг мөн тайлбарласан. Уулзалтад оролцсон иргэд төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын Г.Занданшатарын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ сарын 09-ний өдрөөс эхлэн Завхан аймагт ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг тойргийн иргэд, сонгогчдод танилцуулж, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Улиастай сумдад зохион байгууллаа. Уг уулзалт, хэлэлцүүлэгт тухайн орон нутгийн 800 гаруй иргэд, сонгогчид оролцжээ.

Иргэдийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхаарч байгаа бөгөөд уулзалтын үеэр санал бодлоо идэвхтэй илэрхийлж байлаа. Дээрх сумуудад болсон уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс 50 гаруй иргэн санал, бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийлсэн байна. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгох нь хэтэрхий их байна гэж үзсэн бөгөөд харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлын гишүүдийн тоог 100-120 болгох нь зохимжтой гэсэн саналыг илэрхийлж байлаа. Мөн олон нийт сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч жагсаалтаар салбар, салбарын төлөөлөл мэргэжлийн хүмүүс сонгогдоно гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдэд өндөр шалгуур тогтоож, зөв хүмүүсийг сонгож, нэр дэвшүүлэхийг захиж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийн томилолт энэ өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал сумуудад  үргэлжилж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудыг хийнэ.

Говь-Алтай аймгийн иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар саналаа илэрхийлжээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан энэ өдрүүдэд тойрогтоо буюу Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр Дэлгэр, Халиун суманд ажиллаад байгаа бөгөөд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийгээд байна.

Парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Б.Энх-Амгалан гишүүн танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авав.

Архангайчууд парламентын төлөөллийн чадавхыг сайжруулахыг дэмжиж байна

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймагт ажиллаж байгаа юм. Тэрбээр Эрдэнэбулган сумын 1, 2 дугаар багийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон иргэд улс төрийн намуудын хатуу гишүүнчлэл өөрчлөх, улстөржилтийг хязгаарлахтай холбоотой болон цаг үеийн асуудлаар олон санал хэлж байв.

Түүнчлэн Архангай аймгийн салбар, салбарын төлөөлөл болсон төрийн албан хаагчидтай уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, төрийн албанд тулгамдаж байгаа олон асуудлын талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр төрийн байгууллагуудын үр дүнд суурилсан төсөвлөлт, санхүүжилтийн тогтолцоог бий болгох, орон нутгийн бие даасан байдлыг засаглал, төсөв санхүү, татварын бодлогын хүрээнд хангах зэрэг олон асуудлаар саналаа илэрхийлсэн байна. Түүнчлэн иргэдийн олонх нь парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах зорилгоор гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.8.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.