ҮХӨО/ АБГББХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-17

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн гараагүй бөгөөд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжлээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг дурдаад “Улсын Их Хуралд суудалтай намууд төсөл дэх Улсын Их Хурлын гишүүдийн тоотой холбоотой тоог өөрчлөх, мөн Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог холимог хэвээр, гэхдээ 76 гишүүнийг тойргоос сонгох нь зохистой хэмээн санал нэгдсэн талаараа мэдээлсэн. Энэ агуулгаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж байгаа гэж ойлгоод дэмжиж байна” гэв. Хэлэлцэж буй хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжсэн болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.27.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.