ҮХӨО/ ХЗБХ: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.17) хуралдаан 11 цаг 14 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх талаар Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан. Энэ дагуу Байнгын хороод хуралдаанаараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэж, тус тусын санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх зохицуулалттай юм байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулж төсөл санаачлагчаас асуулт асуух шаардлагагүй хэмээн Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзлээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу дээрх төслийн гурван зүйлийг нэгбүрчлэн хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авав. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх агуулга бүхий хуулийн төслийг санаачлах эрхгүй, харин Засгийн газраас Улсын Их Хурлын бүрэлдэхүүнийг өөрчлөхтэй холбоотойгоор боловсруулж, өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж буй энэ төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал гаргах эрх бий эсэхийг лавлав. Төсөл санаачлагчийн хувиар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд хариулт өгөхдөө “Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурал мөн ондоо 33, 54 дүгээр тогтоол гаргасан” гэлээ. Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Засгийн газар дээрх тогтоолын дагуу, Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай зөрчилдөхгүй гэдэг тайлбарыг Х.Нямбаатар сайд хэлээд “Онолын хувьд Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал гаргах, түүнийгээ санал хураалтад оруулах эрх нээлттэй. Түүнчлэн Улсын Их Хурлын эрх хэмжээг өөрчлөхтэй холбоотой хуулийн төслийг хууль санаачлах эрх бүхий өөр субьектээс өргөн мэдүүлсний дагуу Улсын Их Хурал хэлэлцэх явцад гишүүд Улсын Их Хурлын эрх хэмжээтэй холбоотой асуудлаар санал гаргах эрхийг хязгаарласан зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад байхгүй хэмээн тайлбарласан.

Төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн бол гуравдугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Төслийн гуравдугаар зүйлтэй холбогдуулан гишүүд санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зүйл бүрээр хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.