ҮХӨО/ ТББХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-05-18

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.18/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжжээ.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хийсэн юм. Тэрбээр, Засгийн газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл. Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нарын бурэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Ажлын хэсэг гурван удаа хуралдлаа.

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үе шат хооронд төслийг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох ажлыг Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо зохион байгуулж ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.3 дахь хэсэгт "нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын бүх Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.9 дэх хэсэгт "Хэрэв тухайн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан бол тухайн ажлын хэсэг хуулийн төслийн талаарх тусгайлсан саналаа эрхлэх асуудал нь хамаарах Байнгын хороонд танилцуулахаар заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан болон иргэдээс цахимаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг үндэслэн Ажлын хэсэг дараах саналыг гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна гэлээ.

Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байна. Харин гишүүдийн тоог төсөлд зааснаас бууруулах нь зүйтэй гзж олонх нь үзжээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байхаар, гишүүдийн далан зургааг мажоритар, тавийг пропорционалиар сонгох агуулга бүхий саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна хэмээсэн.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.3-д заасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэсэн 1 дүгээр зүйл нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийг 2 дугаар зүйл болгон өөрчилж "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэвээр хадгална.” гэж, төслийн 2 дугаар зүйлийг салгаж 3.4 дүгээр зүйл болгон өөрчилж "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн баталж мөрдөх хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө." гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 01- ний өдрийн дотор хийж дуусгана." гэж тус тус өөрчлөн найруулах.

Мөн төсөлд “Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй" гэсэн агуулга бүхий 5 дугаар зүйл нэмэх саналыг ажлын хэсэг гаргаж байна гэж танилцуулав.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Г.Занданшатар, Ж.Батсуурь нар Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хууль зүйн нэр томьёо, хэл найруулгын талаар саналаа илэрхийлсэн.

Дараа нь санал хураалт явууллаа. Хуульд заасны дагуу эхлээд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн төслөөр санал хураалт явуулсан. Хууль санаачлагчаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” хэмээн тусгасныг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дээрх томьёоллыг дэмжээгүй юм.

Тиймээс Ажлын хэсгээс оруулсан “ Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүний далан зургааг тойргоос сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээний нэг тойргоос энэ хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно.” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 80 хувь нь дэмжив.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг зарчмын хувьд гишүүд дэмжсэн учир нэр томьёоны хувьд цэгцлээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нараас 3 зарчмын зөрүүтэй санал ирүүлснийг уншиж танилцуулсан.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 86.7 хувь нь дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.БямбацогтМонгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.3-д заасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэдгийг хэрхэн ойлгох, хуулийг хэрхэн мөрдөж эхлэх талаар тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсны дараа хоёр хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтийг дэмжиж байвал гурав хоногийн дотор гарын үсэг зураад баталгаажуулах ёстой. Хориг тавина гэвэл долоо хоногийн хугацаанд багтааж, үндэслэлээ ирүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид хэзээ батална, тэрнээс хойш 10 хоногийн дотор Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт хүчин төгөлдөр болоод явах зохицуулалттай гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдах, ёсчлогдох, хүчин төгөлдөр болох хугацаатай холбогдуулан тус тусын байр суурийг илэрхийлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дээрх асуудлаар саналаа нэгтгэх, дахин ярилцах ийм шаардлага байгаа учраас МАН-ын бүлэг гурван цагийн хугацаатай завсарлага авч байгаагаа мэдэгдсэнээр хуралдаан түр завсарлалаа.

Завсарлагын дараа Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Манай бүлгийн гишүүд Ажлын хэсгийн гишүүдтэйгээ нэг бүрчилж ярилцан томьёоллууд дээр санал нэгдсэн хэмээн мэдэгдсэний дараа төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, Ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжлээ.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14.5-д заасны дагуу төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон УИХ-ын тогтоолыг чуулганаар баталсны дараа төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, энэ тухай нийтэд зарлаж мэдээлэх журамтай юм.

Тогтоолын төсөлд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоож, төслийн гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэл хангах ажлыг УИХ-ын 2023 оны 37 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ-ын Тамгын газарт даалгахаар тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг иргэдэд тайлбарлан таниулж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулахыг УИХ-ын нийт гишүүдэд даалгахаар мөн тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.