БХЯ/: СЭТГҮҮЛЧИД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-26
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах уламжлалт арга хэмжээгээ энэ жил “Иргэн-цэргийн харилцаа” сэдвээр 4 дүгээр сарын 26-ны энэ өдөр зохион байгуулж байна. Нөхөрсөг уулзалт, ярилцлагын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд орон нутагт шилжин байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн, 2023 онд түүхт 100 жилийнхээ түүхийг бичиж байгаа Маршал Х.Чойбалсангийн нэрэмжт Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд зочилж, хугацаат цэргийн алба хаагчдын орчин нөхцөл, хангалт үйлчилгээ, сургалт бэлтгэлтэй танилцаж, тэдний санал сэтгэгдлээс хуваалцаж байна.
Сэтгүүлчид эхлээд командлалын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байгаа сургалт бэлтгэл, соёл хүмүүжил, сэтгэл зүйн дэмжлэг, сурталчилгаа, мэдээллийн тухай голчлон ярилаа. Үүний дараа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Сэтгүүлчдийн зүгээс “ОХУ, Украины сөргөлдөөнтэй дайны байдалд Монгол Улсын Зэвсэгт ямар үнэлэлт өгч, хэрхэн аюул ослоос сэргийлж байна”, “Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд ямар дэмжлэг үзүүлж байна. Сүүлийн үеийн залуус буруу дадал хэвшлээс болж өвчлөмтгий болсон”, “Зэвсэгт хүчин олон нийтэд илүү ил тод байх ёстой. Хугацаат цэргийн алба хаагчдыг өдөр тутмын үйл ажиллагаа эцэг, эхэд нь нээлттэй байх ёстой. Тэгж байж бид хүүхдээ явуулна”, “Хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах хугацааны хувьд өөрчлөлт орох уу. Гурван жилийн цэрэг хамгийн сайн бэлтгэгддэг гэж ахмадууд ярьдаг” зэрэг асуултыг тавив.
Бригадын генерал Ч.Цогтжаргал “Монгол Улсын аюулгүй байдалд бүх нийтийн оролцоо хамгийн чухал. Тэр дундаа ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлахад сэтгүүлчид та бүхний үүрэг асар их. Энэ бол та бүхний эх орныхоо өмнө байгуулж байгаа гавьяа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, цэргийн алба өөрөө иргэний нийгмээс өөр. Өдөр тутмын үйл ажиллагаа нь хүртэл тогтсон дүрэм журмын хүрээнд явагдаж, алба хаагчдаа болоод хугацаат албаны дайчдаа сургаж бэлтгэдэг. Тэгэхээр хугацаат цэргийн албанд анх татагдсан залууст албандаа дасах хүртлээ хэцүү санагддаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ халагдахдаа баярласнаа илэрхийлж, уйлаад л буцдаг. Энэ нь цэргийн нөхөрлөл, албаны үнэ цэн оршиж байна гэсэн үг.
Гуравдугаарт, Зэвсэгт хүчин гэдэг зарим талаараа нууц байх ёстой. Дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин тийм. Бүх мэдээллээ дэлгээд байвал аюулгүй байдалд асар хор нөлөөтэй байдгийг сэтгүүлчид та бүхэн ойлгох ёстой. Гэхдээ бид нийгмийн хандлага, хөгжлөөс шалтгаалан зарим асуудалд аль болох нээлттэй байхыг зорьж байна. Ялангуяа хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй танилцахад ар гэр, харьяа дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, орон нутгийн удирдлага, сэтгүүлчдэд үргэлж нээлттэй байдаг. Өнөөдөр Зэвсэгт хүчин хугацаат цэргийн алба хаагчдадаа олон боломж нэмэгдүүлж, хөгжиж дэвших, суралцахад нь дэмжлэг үзүүлж, ар гэрийнхэнтэй нь ч 14 хоног тутамд нь цахимаар “уулзуулж” байна”. Харин хугацааны хувьд богино хугацаанд олныг бэлтгэх үү, урт хугацаанд цөөн хэсгийг бэлтгэх үү гээд янз бүрийн санал байдаг. Судалгааны шатанд явагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Энэ үеэр "Иргэн-цэргийн харилцаа" уулзалт, ярилцлагыг зохион байгуулагч болон оролцогчдын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт:
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад сурталчлах хүрээнд өнөөдрийн “Иргэн-цэргийн харилцаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна. Энэ бол Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын уламжлалт арга хэмжээ. Хоёр жил тутамд зохион байгуулж, цэргийн албаны орчин, хугацаат цэргийн алба хаагчдаа сурталчилдаг. Энэ удаа телевиз, сонин, веб сайтын 20 гаруй хэвлэл мэдээллийн ажилтныг сурвалжлах үүргээс нь илүүтэй зочин байдлаар урьж, цэргийн албаны онцлог, түүнд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтийн талаар ойлголт өгч байна.
Asu.mn веб сайтын тоймч О.Сайханцэцэг:
-Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн гэдэг эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тангараг өргөөд, түүндээ чин үнэнчээр зүтгэдгээр нь бид бахархдаг. Энэ ажил албыг Монголын аавын хүү, ээжийн охин заавал гүйцэтгэх ёстой. Тэгж байж эх орон элэг бүтэн оршино. Надад хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой асуух зүйл их байсан ч тэднийг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд нь бодитой ажлууд хэрэгжүүлж байгааг нь сонсоод талархаж суулаа. Одоо Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд үргэлжлүүлэн ажиллахдаа алба хаах орчин нөхцөлтэй илүү дэлгэрэнгүй танилцана. Ирээдүйд эр цэргийн алба хаах хүүтэй эх хүний хувьд цэргийн алба хаах орчин нөхцөл тогтоосон дүрмийн хүрээнд явагддаг байгаасай л гэж хүснэ. Дүрмийн бус харилцаа ерөөс байж болохгүй.
Unuudur.mn веб сайтын сэтгүүлч Б.Мөнхсайхан:
-Бид Зэвсэгт хүчин гэхээр нэг л том байгууллага гэж ойлгодог. Гэтэл гүйцэтгэх үүргээсээ хамааран төрлийн цэргийн командлал болон биеэ дааж, үйл ажиллагаа явуулдаг юм байна. Төрлийн цэргийн командлалуудынхаа бие даасан байдалд ч БХЯ, ЗХЖШ-аас онцгой анхаардаг юм байна. Өнөөдөр бидний зочилсон Хуурай замын цэргийн командлал гэхэд төрийн бүх байгууллага дотроо жишиг нь болохуйц байна гэж харлаа. Сургалт бэлтгэлийн танхимууд, бялдаржуулах төв, эмнэлэг, номын сан, музей, бүр кофе шоп ч байна. Бидэнд зориулаад “Хуурай замын цэрэг” гээд сонинг хүртэл бэлтгэсэн байхыг хараад зохион байгуулалт, эмх цэгц, дэг журам гэдэг ийм л юм байна гэдгийг ойлгож суулаа” гэсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.