БХЯ/: БХЯ, ЗХЖШ-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД МАНЛАЙЛАН ОРОЛЦОЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, анги, байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн манлайлан оролцож байна.
Тодруулбал, өнгөрсөн жилээс эхлэн Зэвсэгт хүчний хот, хөдөөгийн хэд хэдэн ангид Мод үржүүлгийн болон Мод үржүүлэг, сургалтын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулсны зэрэгцээ Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрийг эко-ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлж байна.
Түүнчлэн гэр хороололд буюу хашаандаа амьдарч буй алба хаагчид, ахмад дайчдын дунд мод, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарьж ургуулах аяныг өрнүүлэн, зарим дэмжлэгийг үзүүлж буй нь зохих үр дүнд хүрч байна.
Харин энэ өдөр буюу 5 дугаар сарын 16-ны өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, бие бүрэлдэхүүн "Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв"-ийн ажилтнуудын хамтаар Зэвсэгт хүчний Мод үржүүлгийн төвд 100 гацуур, 8000 хайлаас, 1000 бургас модыг тарих ажлыг зохион байгуулав.
Уг ажилд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, БХЯ-ны БХЗГ-ын дарга бригадын генерал М.Мөнхбаяр нарын хүндэт зочид оролцож, хамтдаа мод тарьсан бөгөөд Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг, чиглэл өгч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мод тарих ажлын эхэнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Экологийн албаны дарга ахлах дэслэгч Ц.Болдсайхан бие бүрэлдэхүүнд мод тарих үеийн заавар, зөвлөмжийг өгч, биечлэн хяналт тавьсан нь үр дүнтэй болов.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Мод үржүүлгийн төвийн дарга дэслэгч П.Лхамсүрэн, агрономич, ахлах сургагч дэслэгч Ө.Пүрэвдорж нартай уулзахад "Өнгөрсөн жил Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний энэ талбайд тарьсан бүхий л модыг сайтар усалж, арчилсны үр дүнд тун сайн ургаж байгаа. Бидний ажлын нэг онцлог нь мөчрийн үржүүлгийг маш олноор хийж, мандлын цэцэг тарьж байгаад чиглэгддэг" хэмээн онцолсон юм.
Уг мод үржүүлгийн төвд 10000 гаруй навчит болон шилмүүст модыг ургуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар бургасны харандаагаар 40000, улиасны харандаагаар 30000 гаруй мөчрийн үржүүлгийг хийсний зэрэгцээ үрээр тарьсан 30000 гаруй нэг настай гүйлсний суулгацыг бойжуулах талбайд шилжүүлэн суулгаж, арчилгаа, тордолтыг нь хийж байгаа аж
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.