БХЯ/: ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ, САНАЛ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-30
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2023-2024 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан залуу офицеруудынхаа дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон төр, засгийн бодлогод тусгах зорилгоор өнөөдөр ЗХЖШ-аас 35 хүртэлх насны офицеруудын төлөөлөлтэй хуралдааныг зохион байгуулав.
Хуралдаанд ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, ТЦК, БИЦУГ-ын харьяа нэгтгэл, анги, байгууллагын офицеруудын төлөөлөл танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдаж санал хүсэлтээ ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах тэргүүтэй удирдлагуудад уламжилсан юм.
Тухайлбал, залуу офицеруудын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа алс хол байршилтай хөдөөгийн нэгтгэл, анги, салбаруудад хүний нөөцийн нөхөн хангалт учир дутагдалтай байгаагийн улмаас нэг хүнд ноогдох ажлын ачаалал нэмэгдэж цаашлаад ар гэрийн амьдралд ч нөлөөлж байгаа талаар илэрхийлж байв.
Мөн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих нь нэн тэргүүний асуудал болж буйг илэрхийлж байлаа. Тухайлбал, Залуу офицеруудын хувьд үр хүүхэдтэй болох нь нэг талаас тухайн ам бүлийг санхүүгийн гүн дарамтад оруулах эрсдэлтэй байна гэв.
Мөн түүнчлэн ахмад болон залуу үе хоорондын харилцааны зөрчил цөөнгүй ажиглагдах болсон төдийгүй нэгнээ харилцан хүндэтгэх замаар соёлтой, орчин үеийн боловсон хандлагыг эрхэмлэн ажиллах нь алба хаагчдын албандаа хандах хандлага, ажлын байрны хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх, цаашлаад ажлын үр бүтээмжийг сайжруулах олон талтай гэдгийг онцолж байлаа.
Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа хэдий ч ЗХЖШ-ын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр олон төрлийн судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэн Батлан хамгаалах сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Эл хуралдаанаас гарсан санал хүсэлтийг мөн бид судалж нэгтгэсний дараагаар холбогдох удирдлагуудад танилцуулна. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Зэвсэгт хүчний ачааны хүндийг нуруундаа үүрч яваа залуучууддаа талархал илэрхийлье” хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.