БХЯ/: МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО
Монгол Улсын Зэвсэгт хүчинд мэргэжлийн ахлагч бэлтгэж эхэлсний болон ҮБХИС-ийн Батлан хамгаалах мэргэжлийн сургалт-Үйлдвэрлэлийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн энэ онд тохиож байна.
Уг түүхт ойн хүрээнд ахлагч мэргэжлээрээ овоглож Монгол Улсын Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлж буй ахлагч нар чуулж баярын хурлаа зохион байгууллаа. Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй хүндэт зочид болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын төлөөлөл, ахлагчийн сургуулийн үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, төгсөгчид оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн мэндчилгээг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Батлан хамгаалах салбар, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 70 гаруй хувийг, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт бие бүрэлдэхүүний 80 гаруй хувийг ахлагч нар бүрдүүлж байна. Орчин үеийн дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага нь шилдэг технологид суурилсан зэвсэглэл, техникийн хөгжил, түүнийг эзэмшигч мэргэжлийн өндөр ур чадвартай ахлагчтай байх нийтлэг шинжтэй болсон. Иймээс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлого, зорилтыг хангах бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилт бүхий мэргэжлийн ахлагчийг сургаж бэлтгэхэд Зэвсэгт хүчний үндсэн цөм болсон ахлагч нарын хичээл зүтгэл, оролцоо ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба баяр хүргэж хэлсэн үгэндээ ҮБХИС-ийн Батлан хамгаалах мэргэжлийн сургалт-Үйлдвэрлэлийн төвийг үүсгэн байгуулах, хөгжүүлж, бэхжүүлэх бахдам үйлсэд оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, төгсөгч, сонсогчдодоо түүхт 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүрэг, төр засгаас хүлээлгэсэн улс орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хойшлуулшгүй үүргээ ёсчлон биелүүлэх Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэхэд ахлагчийн нийт бие бүрэлдэхүүн, мэдлэг боловсрол, бие сэтгэл хичээл зүтгэлээ харамгүй дайчлан ажилладагт талархаж явдгаа илэрхийлсэн юм.
Ташрамд дуулгахад ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба нь 2001-2006 онд “Ахлагч бэлтгэх төв”, “Ахлагчийн сургууль”, “Ахлагчийн коллеж”-д ротын захирагчийн албан тушаалыг хашиж явсан ахлагчийн сургуулиараа овоглогч нэгэн билээ.
Түүхэн ойн хүрээнд батлан хамгаалах салбар, Монгол Улсын Зэвсэгт хүчинд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан ахмадууд болон өдгөө үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим тэргүүний ахлагч нарыг Батлан хамгаалах салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Арга хэмжээний төгсгөлд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид цэрэг эх орны сэдэвт урлагийн тоглолтоо өргөн барьж олон түмний мэлмийг баясгасан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 8 мин
-
3 цаг 9 мин
-
4 цаг 18 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20