ЭМД: Зарим уламжлалтын эмнэлгийн даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн нэхэмжлэлд хяналт хийлээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-15

ЭМДЕГ-аас гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийхэд илэрч буй зөрчлийг цуварлаар хүргэж билээ. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас уламжлалтын эмнэлэгүүдийн даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн нэхэмжлэлийн хяналтаар илэрсэн зөрчлийн мэдээллийг хүргэж байна.  

 

Уламжлалтын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага нь өвчин, эмгэгийг уламжлалт анагаах ухааны үүднээс оношилж, өвчний явц тавиланг үнэлэх, хавсарсан өвчний хүндрэл дахилт, хоёрдогч эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж эмчилгээний төлөвлөгөө боловсруулан, түүний дагуу тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Уламжлалт анагаах ухааны эмч нь тухайн үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, үнэлгээнд үндэслэн амбулатори, өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх заалт гаргаж эдгээр аргуудаас хамгийн оновчтой аргыг сонгох ба тухайн арга нь эмнэл зүйн хувьд үр дүнтэй байх шаардлагатай юм. Ингэснээр шаардлагагүй хэвтэлтийг бууруулж, төрөл бүрийн эмгэг болон уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлж өгдөг. 

 

Энэ хүрээнд ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсээс гэрээ бүхий эмнэлгүүдийн уламжлалтын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгуулагчдын өвчний түүхэнд нарийвчилсан хяналт хийж дараах зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:

 

1.  Нэг оношийн бүлгээр хэвтсэн даатгуулагчдын өвчний түүхэнд зовуурь, асуумж, бодит үзлэгийн өөрчлөлт, клиник оношийн үндэслэлүүд нь бүгд ижил бичигдсэн; 

2.  Өвчтөнд 3 төрлийн танг уулгасан боловч эмчлүүлэгчийн эмчилгээний хуудсанд 23 нэр төрлийн танг 7 хоног уулгаж байгаагаар бичсэн;

3.  Зарим эрүүл мэндийн байгууллагууд нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахын тулд өвчний түүхийг хуурамчаар бичсэн;

4.  Эмнэлгүүд нь даатгуулагчид хэвтүүлэн эмчлэх үндэслэлийг тодорхой гаргаагүй, өвчний түүхэнд зовуурь, шинж тэмдэг нь ямар хугацаанд үргэлжилдэг, мөн амьдралын хэв маяг, ажиллах орчин, байгаль цаг уурын нөхцөл, эмчилгээний гам зэргээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж байгаа эсэх талаар бүрэн асууж тодруулдаггүй, үзэх, хүрэлцэх аргаар шинжлэн оношилж, илрэх шинж тэмдэг, өөрчлөлтийг өвчний түүхэнд бүрэн тэмдэглэдэггүй зэрэг зөрчлүүд багтаж байна.

 

Цаашид уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүд нь  даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан, эмнэл зүйн удирдамжид заагдсан чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг үзүүлэх, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах, зөрчлийг дахин давтан гаргахгүй байх, зарим хууль бус үйлдлийг таслан зогсоох, хяналт, хариуцлагын тогтолцоог улам сайжруулах, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.