Ойн газар, ХХААХҮЯ болон Сэлэнгэ, Хэнтий аймгийн сум дундын Ойн ангийн ойн мэргэжилтнүүд “Ойн аж ахуйн туршлага судлах аялал”-аар STREAM төслийн хүрээнд БНЧУ-д туршлага судлах аялалд хамрагдаж байна.
Ойн газраас Ойн нөөцийн хэлтсийн Ойн менежментийн төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бат-Очир, Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн Мод, үржүүлгийн газар, тарьц, суулгацын нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Отгонням нар туршлага судлах аялалд оролцож, мэргэжилтний зүгээс харьцуулалт хийж байна.
Аяллын өдрүүдэд БНЧУ-ын “Ойн менежментийн хүрээлэн”-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус хүрээлэн нь 1935 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг улсын төсвийн байгууллага юм. Тус байгууллага нь улсын хэмжээнд 9 салбартай, 428 ажилтантайгаар ажиллаж байна. Үндэсний Ойн тооллогыг жил болгон гүйцэтгэж, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, зайнаас тандан судлал болон ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах үүргийг гүйцэтгэж ажилладаг.
Чех улс нь 2,8 сая га ойн сантай энэ нь нийт нутаг дэвсгэрийн 33%-ийг эзэлж байна. Ойн салбарт 13000 орчим хүн ажиллаж улсын, хувийн, тусгай хэрэгцээний гэсэн зориулалтаар мод бэлтгэл, ан амьтан хамгаалах, үржүүлэх, ашиглах, ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг хийх, ойн сан бүхий талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хувийн эзэмшлийн болон тусгай хэрэгцээний ойн санд зочилж мод унагах ажлаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх шат дамжлага бүхий үйлдвэрүүдтэй танилцаж туршлага хуримтлуулав.
Ойгоос авч буй модыг 100 хувь хаягдалгүй ашиглаж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа нь Чех улсын ойн салбарыг тогтвортой хөгжүүлэх боломжийг олгож байна. Тус орны ойн салбар нь улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7%-ийг эзэлж байна.
Европын холбооны санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон НҮБХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө, аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөл нь ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд төсөлд хамрагдсан Хэнтий, Сэлэнгэ аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын болон сум дундын Ойн ангийн инженер техникийн ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модGIZ MongoleiСэлэнгэ Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар
-
5 цаг 21 мин
-
5 цаг 22 мин
-
6 цаг 31 мин
-
Өчигдөр 18 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 11 мин
-
2024-11-22
-
2024-11-20